
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас баяр ёслол болж байгаатай холбоотой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дуудлагын талаар тодрууллаа.

"Он гарснаас хойш 11 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31905 зөрчил бүртгэгдсэнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн. Эрхээ хасуулсан хэрнээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2200, жолоодох эрхгүй хэрнээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2600 тохиолдол бүртгэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 2078 осол гарч, үүнээс болж 46 хүн амь насаа алдсан харамсалтай тоо байна. ТЦА-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос бууруулах үүднээс "Уусан бол бүү жолоод" гэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Согтугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой хяналт шалгалтыг 24 цагаар хийж байгаа.
Дуудлагын жолооч дуудаад хохирох тохиолдол байна. Тухайлбал дудлагын жолооч нь өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн, эрхээ хасуулсан хэрнээ дуудлагын жолооч хийх тохиолдол бүртгэгдэж байна. Баяр ёслолтой холбоотой согтуугаар явганаар зам тээврийн хэрэгслээр гарах гэж байгаад гэмтэх, осгох хөлдөх тохиолдол гардаг. Иймээс архи согтууруулах ундаа тохируулан хэрэглэх, шахахгүй байх, архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэнтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болж байгааг анхаарах хэрэгтэй" гэлээ.
