Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.12.22 17:13
243
Гүрж улсын Эрчим хүчний салбарын реформын үйл явцтай танилцлаа
Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн төлөөлөгчид Гүрж улсын Эрчим хүчний салбарын реформын үйл явцтай танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор 2025 оны 12-р сарын 15-17-ны өдрүүдэд тус улсад ажиллалаа.
Төлөөлөгчид Гүрж улсын Цахилгаан системийн арилжааны оператор (ESCO), Эрчим хүчний бирж (GENEX), Гүрж улсын цахилгаан дамжуулах систем ТӨК (GSE), Эрчим хүч, ус хангамжийн зохицуулах хороо (GNERC) зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж эдгээр байгууллагуудын сайн туршлага болон эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчин, хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, зах зээлийн загвар, үнэ тариф, тусгай зөвшөөрлийн тогтолцоо, хэрэглэгчдийн үйлчилгээний стандарт, хяналт зэргийн талаар судаллаа. Гүрж улс нь эрчим хүчний арилжааны зах зээлийн шинэчлэлийг 2006 оноос эхлүүлсэн бөгөөд шилжилтийн үе шатанд буюу өнөөгийн байдлаар цахилгаан эрчим хүчний бөөний Хоёр талын гэрээт зах зээл, түүнийг тэнцвэржүүлэх механизмыг, 2024 оноос Өдрийн өмнөх зах зээлийг ажиллуулж эхэлж байна. Өдрийн өмнөх зах зээл нь цахилгаан эрчим хүчийг өрсөлдөөний зарчмаар арилжаалах үндсэн арга хэлбэр бөгөөд дараагийн өдрийн цаг тутамд арилжаалах цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт ба эрэлтийн саналд үндэслэн зах зээлийн буюу өрсөлдөөнт үнийг тодорхойлж байна. Эдгээр зах зээлүүдийг Цахилгаан системийн арилжааны оператор, Эрчим хүчний бирж нь удирдан зохион байгуулж, харин зах зээлүүдийн үйл ажиллагаанд Зохицуулах хороо хяналт тавин ажилладаг байна. Эрчим хүчний зах зээлийг бүрэн либералчлах зорилтын хүрээнд 2027 он гэхэд арилжааг бодит цаг хугацаанд ойртуулсан Өдрийн доторх зах зээл-ийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, өвлийн улирал дах эх үүсвэрийн хүчин чадлын дутагдал, хангагчийн зах зээлийн төвлөрөл зэргээс үүдэн хүндрэл бэрхшээл тулгарч байгаа тухай дурдаж байсан юм.
Гүрж улсын цахилгаан дамжуулах систем ТӨК нь улсын хэмжээнд диспетчерийн нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлж, 220-500 кВ-ын хүчдэлтэй шугамаар цахилгаан дамжуулах болон ОХУ, Азербайжан, Армен, Турк улсуудтай цахилгаан импортлох, экспортлох үйл ажиллагааг эрхлэн, системийг тэнцвэржүүлэх болон туслах үйлчилгээг үзүүлэх, дамжуулах сүлжээг хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөөг боловсруулах, өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэхэд чухал шаардлагатай дэд бүтцийг тухайлбал, өгөгдөл, мэдээллийн нэгдсэн төв, тоолуурын автомат систем, зах зээлийн удирдлагын систем, зах зээлд оролцогчдын платформуудыг бий болгон ажиллуулж байна.
Гүрж улсын Эрчим хүч, ус хангамжийн зохицуулах хороо нь 1997 онд анх байгуулагдсан, Европын Холбоо болон Эрчим хүчний нийгэмлэг (Energy Community)-ийн хууль тогтоомжийн дагуу цахилгаан эрчим хүч, байгалийн хий, усан хангамжийн салбарт ил тод, өрсөлдөх чадвартай, нэгдсэн зах зээлийг бий болгох гол зорилготой.
Зохицуулах хороо нь өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог нэвтрүүлэхэд нэн тэргүүнд анхаарч байна. Гүрж улсын Засгийн газар нь “Цахилгаан эрчим хүчний өрсөлдөөнт зах зээлийн загварын үзэл баримтлал”-ыг 2020 онд баталсан бөгөөд үүний дагуу зах зээлийг либералчлах үйл явц үе шаттайгаар хэрэгжиж байна. Мөн Гүржийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй зардалд суурилсан болон урамшуулалт үнэ тарифын зохицуулалт, сүлжээний хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтын аудит, зардлын хяналт, нягтлан бодох бүртгэлийн дансны нэгдсэн систем, дамжуулалт, түгээлтийн нормт алдагдал, хэрэглэгчдийн үйлчилгээний стандарт зэрэг асуудлуудад Монголын төлөөлөгчид онцгойлон анхаарал хандуулж, тулгамдаж буй асуудлууд, сургамж, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон Гүрж улсын Үндэсний эрчим хүч, ус хангамжийн зохицуулах хорооны дарга Давит Нарманья (Mr. Davit Narmania) нар хоёр улсын эрчим хүчний зохицуулалтын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.