Саяхан 10 жилийн ойгоо тэмдэглэн төрийн ордны их танхимд хуралдсан ХҮН намаас дахин нэг гишүүн нь татгалзах хүсэлтээ өгчээ.
Тухайлбал, ХҮН намын Баянгол дүүргийн намын хорооны дарга Т.Золбоот намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ өгчээ. Тэрээр "Миний бие ХҮН намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө 2025 оны 12 сарын 08-нд тамга, батламжийн хамт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзоригт албан ёсоор хүлээлгэн өгсөн болно.
Би ХҮН намд итгэж, үзэл санаанд нь үнэнч байж, 2020-2024 оны хоорондох бүх түвшний сонгуулиудад гар бие оролцон, намын тэлэлт, зохион байгуулалт, бодит үр дүнгийн төлөө тууштай ажилласан. Тухайлбал, 2020 оны Орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, СХД-т явагдсан УИХ-ын нөхөн сонгуульд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж ирсэн. 2021 оноос эхлэн намын Гүйцэтгэх зөвлөлд Гишүүнчлэл хариуцсан газрын дарга, Төлөөлөх зөвлөлийн гишүүн, 2022 оноос Баянгол дүүргийн намын хорооны даргаар тус тус ажиллаж, хүлээсэн үүргээ хариуцлагатай, идэвх санаачилгатай гүйцэтгэж ирсэн. Түүнчлэн, ХҮН намаас санаачилсан Тогтолцоогоо өөрчилье хөдөлгөөний үеэр 15.000 гарын үсэг цуглуулж, Ажлаа хий жагсаалын үеэрх Хамтдаа өөрчилье хөдөлгөөн, Сумаа өрөөс чөлөөлье хөдөлгөөнүүдийг орон даяар өрнүүлэхэд оролцож, 8 аймаг, 39 сум, нийслэлийн 4 дүүргийн иргэдэд намын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг сурталчлан таниулахад манлайлан оролцсон идэвхтэн гишүүн билээ. Ийнхүү улс орон даяар ажилласны эцэст Баянгол дүүргийн ХҮН намын сонгуулийн штабыг удирдан ажиллаж, 2024 оны УИХ-ын сонгуулиар Ж.Золжаргалыг хамгийн олон санал авч сонгогдоход хувь нэмэрээ оруулсан.
Гэтэл 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа ХҮН нам хамтарсан Засгийн газарт орох улс төрийн шийдвэр гаргасан нь намын үнэт зүйл, сонгогчдын итгэлд ноцтой цохилт болсныг бүгд мэднэ. Энэ шийдвэр орон нутгийн сонгуулиар намын нэр хүндийг бодитоор унагаж, нийслэлд 3-аас 0, дүүргийн хэмжээн дэх суудлын тоо 14-өөс 5 болж буурсан гашуун үр дүнгээр нотлогдсон. Хамтарсан засагт орсон АН-ыг ч мөн энэ үр дүн тойроогүй.
Энэ бодлогын алдаанд хэн хариуцлага хүлээх ёстой вэ? Сонгуулийн амжилтгүй байдлын бодит шалтгаан тодорхой байхад хариуцлага тооцох асуудал намын удирдлагуудаас эхлэх бус, энгийн гишүүд, аймаг, дүүргийн намын хорооны дарга нараас эхэлсэнд миний бие эрс эсэргүүцлээ илэрхийлсэн. Цаашлаад, намын дүрэмд нийцэхгүй, хүч түрсэн, хувийн шинжтэй шийдвэрүүд гарч, Баянгол дүүргийн намын хорооны даргыг дүрэм бусаар чөлөөлөх оролдлого удаа дараа хийснийг энд тэмдэглэх ёстой. Энэ бол улс төрийн ёс зүйгүй, удирдлагын хариуцлагаас зугтсан үйлдэл. Үзэл санаа ярьдаг нам дарангуйллын шинжтэй шийдвэрүүд гаргадаг болсныг би хүлээн зөвшөөрч чадахгүй.
Саяхан болсон ХҮН намын VIII Их хурал ч тэр хариуцлага тооцох ёстой албан тушаалтнуудад хариуцлага тооцох бус, харин ч тэднийг батламжилж, “шагнаж” буйтай адил шийдвэрүүд гаргасныг олон нийт харлаа. Энэ бол шинэчлэл бус, ухралт.
Миний зүгээс намын Хариуцлагын ерөнхий хороо болон намын удирдлагуудад дүрмийн бус шийдвэрүүдээ засаж залруулах, хариуцлага тооцвол зохих гишүүд, албан тушаалтнуудаа зөв тогтоон бодит хариуцлага тооцох, намын дүрмийг нийт гишүүдийн оролцоотойгоор эртнээс хэлэлцүүлж, ил тод болгох шаардлагыг удаа дараа албан ёсоор тавьсан. Гэвч эдгээр шаардлагад хариу өгөөгүй, үл тоомсорлон, чимээгүй өнгөрөөсөөр жил гаруй хугацаа өнгөрлөө.
Харин ч эсрэгээрээ асуудлыг засахын оронд үнэнийг хэлсэн хүмүүсийг харлуулах, эрүүл шүүмжлэлийг дайсагнал болгон хувиргах, сошиалаар гутаах оролдлого хийсэн нь ХҮН нам дотоод ардчиллаа алдаж, шүүмжлэл даах чадваргүй, удирдлагын эрх ашиг, албан тушаал хамгаалах механизм болж хувирсныг харуулж байна. Ийм орчинд үнэт зүйл, шударга ёс, зарчим орших боломжгүй.
Тиймээс би зарчимдаа үнэнч үлдэх сонголт хийж ХҮН намын гишүүнчлэлээс татгалзах шийдвэр гаргалаа.
Энэхүү мэдэгдлийг хийж байгаа нь хувь хүний гомдол биш, харин ХҮН намд итгэж, шударга улс төрийн төлөө тэмүүлж ирсэн мянга мянган залуусын итгэлийг дахин бодох, альтернатив дуу хоолойг сонсож сурахыг сануулахад оршиж байгаа юм.
Нам гэдэг бол удирдлагын өмч биш. Нам гэдэг бол гишүүдийн итгэл, дуу хоолой, зарчим дээр тогтдог улс төрийн институт бөгөөд тийм ч байх ёстой" гэжээ.