m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.23 17:05
933
Б.Батцэцэг: Австри улсын өргөмжит консул Д.Сэргэлэн тусгай эрх ямба эдэлдэггүй, гэм буруутай нь тогтоогдвол тухайн улс руу мэдэгдэнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Монгол Улсын гадаад харилцаа, ХЗЯ нийлээд гадаадын 60 улсад цахим виза өгч байгаа бол 30 гаруй улс визагүй орж ирж байгаа. 100 гаруй улс манай улсад ирэхэд ямар ч хүндрэлгүй болсон гэсэн үг. Манай улсын ДНБ бага, Солонгос улсад хэрэг зөрчилд холбогдох нь их, хууль бусаар амьдарч байгаа иргэд буурахгүй байгаагаас манай улсын ангилал доогуур байдаг. Хэрэв  манай нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрвэл журмаараа  БНСУ визагүй болгоно.  Иймээс бүх иргэний визийг хөнгөлж чөлөөлж өгөхийг хүсэх боломжгүй. Харин өвчтэй, эрүүл мэндийн шалтгаанаар  БНСУ-ыг зорих иргэдийн болоод асран хамгаалагчийг визагүй явуулж өгөөч. Мөн худалдааны төлөөлөгч,  ААН-ын захирал, гадаад худалдааны хүмүүсийг визанаас чөлөөлж өгөхийг хүсч байгаа.

Эрүүл мэндийн шалтгаанаар виза хүсэхэд өвчтэй хүнд виза гарлаа гэхэд асран хамгаалагчид виза гардаггүй. Энэ асуудлуудыг хамгийн түрүүнд тавьж байгаа. 

Бүгд найрамдах Австри улсаас манай улсад суух элчин сайдын яамгүй. Дэлхийн олон улсын зарчимд ЭСЯ-гүй газар тухайн орны иргэнийг сонгоод өөрийн ЗГ-г төлөөлүүлээд өргөмжит консул болгон ажиллуулдаг. Манайх ч мөн НҮБ-ын 193 орноос 50 улсад  дипломат төлөөлөгчийн газартай, үүнээс 34 улсад ЭСЯ-тай, бусад нь консулын газар, худалдааны төлөөлөгчийн газартай.

Үүнтэй ижил Австри улс манай улсад ЭСЯ-гүй учир Д.Сэргэлэн гэж хүнийг сонгоод 2003 онд өргөмжит консул болгосон. Энэ нь цалин хангамж авдаггүй, өөрөө Австри улсын эрх ашгийг хамгаалаад иргэдтэй нь холбоотой асуудал, компани ААН-ийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих сайн дурын үйл ажиллагаа юм. 

Хэрэв хууль ёсны байгууллагаар шалгуулах бол Монгол Улсын иргэний өмнөөс шалгах бүрэн боломжтой. Энд ямар нэг дипломат эрх, ямба эдэлдэггүй. Шүүхээр яваад гэм буруутай нь нотлогдоод манай яамд ирвэл зохих ёсоор Австри улсын ЗГ-т уламжлаад, энэ хүн ийм асуудалтай учраас эргүүлэн татах асуудлыг ЗГ-аас явуулж болно.

Одоогийн байдлаар Филиппиний хохирсон иргэнтэй холбоотой мэдээлэл олон Австрийн ЗГ-аас албан ёсоор ирээгүй. Гэхдээ энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгаа" гэлээ.