

Хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ зодсон асуудлаар Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч хурандаа Д.Манлайбаатар мэдээлэл өглөө. Тэрээр "23-ны 22.30 минутанд мэдээлэл олон нийтэд тавигдсан. Хугацаат цэргийн алба хааж байгаа хүүхдүүд бидний хүүхдүүдээс ялгаагүй, бүгд мэдээллийг цочирдон хүлээж авлаа. Бид ХЭҮК-той хамтран шалгалт, алба ажиллагааг хийж байна. Дотоодын цэргийн штабаас хяналт шалгалт ажиллаж байна. Хугацаат цэргийн алба хаагчийн дүрмийн бус харилцаанд үүссэн асуудлаар СХД-ийн харьяалах мөрдөн шалгах эрх бүхий алба хаагчид ажиллаж байна. Бичлэгт харснаар тухайн алба хаагчдыг шүүх шинжилгээний байгууллагад үзүүллээ. Эрүүл мэндийн эрсдэл орсон эсэхийг шалгахаар эмнэлэгт үзүүлж байна. Хугацаат цэргийн алба хаагчийн аюулгүй байдлыг, Хүний мэдээллийн тухай хуулийн 25-р зүйлд заасны дагуу хяналт тавих цахим систем ашигладаг. 60 хяналтын камер дотогшоо чиглэн 24 цагийн турш ажилладаг ч асуудал болсон газар хувцсаа сольдог камергүй өрөөнд болсон. Гэмт хэрэг зөрчлийн гомдлын дагуу шалгагдаж байна.
Шалгагдаж байгаа алба хаагчид 2025 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдсан. Биеийн байдал одоогоор хэвийн байна. Шүүх эмнэлгийн урьдчилсан үзлэгээр хэвийн гэх мэдээлэл эмч нараас авлаа. Хувийн харилцааны маргаанаас үүдсэн" гэлээ.
Дотоодын цэргийн штабын дарга бригадын генерал Р.Чингис "Олон аавын хүүхдүүдийг нэг жилийн хугацаат цэргийн албанд татахдаа эр хүн, эх орны хүү болоосой гэж хүсдэг. Иймдээ ч дүрмийн бус харьцааг батлан хамгаалахын ямар ч байгууллага хүлээн зөвшөөрдөггүй. Камерт байдаггүй газар амрах үед болсон нэг оны цэргүүд. Гар хүрсэн хүн нь түрүүч, нөгөө нь бага түрүүч байсан. Шалгаад буруутай хүмүүст хатуу хариуцлага тооцно" гэлээ.
