
Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуун нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийж байна. Тэрээр "Сүүлийн гурван өдөр манай яамны зүгээс газрын дарга, 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган ШТС-уудаар шалгалт хийлээ. Байгаа бензинээ гаргаж байна уу, нөөцөд үлдээж байна уу гэдгийг шалгалаа. Багагүй зөрчил илэрлээ. 5-6 тоннтой ШТС-ууд хаалгаа түгжээд унтсан байх, бага хэмжээний нөөцтэй хэрнээ түүнийгээ нийтэд зарахгүй байх нийтлэг зөрчил илэрснийг газар дээр нь арилгах арга хэмжээ авлаа. Өнөө өглөө нэг түгээгчийн биед халдсан тохиолдол мөн гарлаа. Шаглах байдал гарсныг цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгаж байна. ШТС импортлох, жижиглэн наймаа эрхлэх зөвшөөрөлтэй 500 гаруй ААН байна. Гэвч импортолдог, борлуулдаг нь цөөн байна. БНХАУ-д энгийн АИ-92 шатахуун хэрэглэдэггүй. Энгийн 92 хоцрогдсон хүхрийн хүчлийн хий агаарт цацагдах нь маш өндөр. Иймээс бусад улс татгалзсан. Өчигдөр сошиалоор Евро-5 шатахууныг үнэ нэмэгдсэн гэх ташаа мэдээлэл явлаа.Евро 5 импортоор орж ирэхдээ тонн тутамдаа 860-890 ам.доллараар орж ирдэг. Үнийн зөрүү байдгаас тэр үнээр нь зарахгүй бол тухайн ААН алдагдалд орно. Он дуусахаас өмнө үнэ өсөхгүй. Он гараад ямар нөхцөл байдалтай байхыг хэлж мэдэхгүй. Цагдаа, эмнэлэг, нийтийн тээвэр, онцгой гэхчилэн байгууллагад шатахуун оочер дараалалгүй олгож байгаа " гэлээ.
Газрын дарга н. Хишигдалай "ОХУ-аас импортолж байгаа бензиний хэмжээ эрс нэмэгдсэн. Энэ сарын 18-нд АИ-92 бензин 53 вагон, 22 37 вагон гээд 23-ны өдрийн ачилт өнөөдөр үдээс хойш мэдээлэгдэнэ гэж тооцвол 14 мянган тонн АИ-92 шатахуун таван өдөрт ачсан байна. Манай өдрийн хэрэглээ 2400 тонн байдаг. Үүсээд байгаа оочер дараалал удахгүй арилна. Зарим нэг асуудалд ард иргэд хүлээцтэй хандаасай гэж хүсч байна " гэв.
