
Дотоодын цэргийн 05-р ангид гарсан зодооны хэрэгтэй холбоотой алба хааж буй цэргийн эцэг эх хүүхдүүдтэйгээ уулзахаар иржээ. Өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэг цэргийн алба хааж буй хүүтэй эцэг, эх бүрийн зүрхийг зүссэн нь мэдээж. Иймдээ ч шөнөөс хойш эцэг эхчүүд цэргийн ангид ирж, хүүгээ эргэн ирж уулсан байна. Ингээд хүүгээ эргэхээр ирсэн эцэг эхийн төлөөллийн сэтгэгдлийг хүргэе.
"Улаанбаатарт байгаа нь харьцангуй ойр байгаа учраас цэргийн ангийн даргатай нь уулзъя амлалт авъя гээд ирсэн. Өнөөдөр цэргийн дарга нар мэдээлэл хийхдээ хяналтын бус бүсэд болсон үйл явдал гээд байх юм. Тэр бүсэд хэзээ юу ч болж болно шүү дээ. Иймээс миний хувьд бухимдалтай байна. Би хүүгээ цэрэгт явуулсандаа харамсч байна. Жилийн хугацаатай шүү дээ. Хүүхдээ явуулсан эцэг эхчүүд хохирч байна. Бүгд л хүүхдүүдээ харах гэж шөнө ирээд уулзуулах хүсэлт тавьснаар хүүхдүүдтэйгээ уулзсан" гэлээ.

"Өчигдөр ээж рүү танихгүй дугаараас залгаад "Танай хүү хүнд зодуулсан байна. Бие нь муу, хүнд зодуулсан, ирэх боломжтой юу" гэж нууцаар асуулгасан юм билээ. Яараад өнөөдөр дүүгээ харахаар ирлээ.Бид дүүгийнхээ биеийн байдал ямар байгааг мэдэхгүй байна. Тангаргын баяраас хойш дүүтэй огт уулзуулаагүй. Манай дүү 18 настай Улаанбаатар хотоос цэрэгт татагдсан. Ээжтэй хаяа л ярьдаг.
Ярих бүртээ 20 мянган төгрөг шилжүүлээч, хайртай шүү гэж хэлдэг. Манай дүү өөрөө цэрэгт явна гэж их л зорьж явсан. Гэвч одоо ийм байдалтай байгаад харамсалтай л байна. Тангаргын баяраар уулзахад "Дажгүй байгаа, таван кг турсан" гэж л хэлсэн. Ээж нь хүүхэдтэйгээ уулзах гээд амралтын өдөр бүр ирэхэд ханиадтай байгаа гээд огт уулзуулдаггүй байсанд гайхаж л байна." гэв.

"Хүүтэйгээ сарын өмнө уулзсан. Шинэ цэрэг байхдаа царай алдсан байсан ч хавар татагдсан одоо бол гайгүй болсон байсан. Бичлэг хараад л хүүдээ санаа зовоод ирлээ. Хүүгээ эр хүн болоод, хүний үг даадаг болоосой л гэж цэрэгт явуулж байгаа. Гэхдээ зодож нүдүүлээд , гэмтэл авбал хэцүү л дээ. Хаяа бас дэлгүүр рүү ундаа ус авахаар мөнгө гуйж ярьж л байдаг юм. Ямар ч байсан уулзъя гээд ирлээ" гэлээ.

"Манай хүү өнгөрсөн 10 дугаар сард цэрэгт татагдсан. Тангараг өргөснөөс хойш уулзах гээд ирэх бүрт уулзуулдаггүй байсан. Өчигдөр бичлэг үзээд санаа зовоод ирлээ. Карентинтай байгаа. Уулзуулахгүй л гэдэг байсан. Тэгэхээр авчирсан юмаа өгөөд л явдаг байсан. Ганц нэг удаа утсаар ярьсан. Тангараг болох гэж байна ирээрэй гэж ярьсан. Асуухаар "Гайгүй байгаа ааваа" л гэдэг. Бичлэг үзэх эвгүй юм билээ.


