

УИХ-аас сэргээгдэх ногоон эрчим хүчийг дэмжих тогтоол батлагсантай холбоотой УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс тодрууллаа. Тэрээр "Айл өрх нарны панель тавьж яндангаа бууруулж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байгаа. Эдгээр иргэдэд ямар боломж үүсэх вэ гэхээр иргэд өөрийн хэрэглээг хангаад зогсохгүй илүү гарсан эрчим хүчээ төвийн системд нийлүүлж, борлуулах боломж үүснэ. Жилд ядаж 10 мянган айлд энэ боломжийг олгох шаардлагатай гэх чиглэл ЗГ-т өгч байгаа. Үүсч байгаа гол асуудал нь иргэд панелиас илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээтэй холбоход хүндрэл үүснэ. Иймээс тогтоолын төсөлд 20 кВт хүртэлх нарны панелийг эрчим хүчийг техникийн нөхцөлгүйгээр нэг зураг, стандарт хангасан тохиолдолд сүлжээнд шууд холбох заалт орж ирж байгаа. Ингэснээр олон бэрхшээл алга болно. Мөн одоогоор маш цөөн айл үүнийг хэрэгжүүлж байгаагаас агаарын бохирдолд үзүүлэх нөлөө харагдахгүй байгаа. Иймээс ЗГ-аас бодлогоор айл өрхөд ногдох анхны хөрөнгө оруулалтыг багасгах чиглэлд анхаарна" гэлээ.
