m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
1 цагийн өмнө
150
УИХ дахь цөөнхийн бүлэг Үндэсний эвсэл, ХҮН, ИЗНН-ыг хайж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилсэн.  Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатараас УИХ дахь цөөнхийн бүлэг болох АН-ын ихэнх гишүүн асуулт асуусан бол МАН-ын бүлгээс ганцхан Д.Ганмаа гишүүн "2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн түвшин ямар байна вэ. Хэрэгжихгүй байгаа гол шалтгаан юу гэж бодож байна вэ" гэлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Иргэдийн итгэл яагаад уруудаад байна вэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой хэдэн хэрэг шүүхэд шилжүүлсэн бэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Авлигатай тэмцэж байгаа. Өргөс авсан юм шиг нэг л өдөр шууд зүгээр болдоггүй. Өнгөрсөн жил 58 хэрэг шүүхэд шилжүүлжээ. Саяхан хүртэл АМХЭГ-ын даргаар ажиллаж байсан хүн  "Олон овоот"-ын  алтны нөөцтэй ордыг хулгай хийж өгсөн байсныг илрүүлж шалгаж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Засаг нь тоо барим ярьдаг. Бодит амьдралд хүмүүсийн хүртээмжтэй эдийн засаг хаалгаар нь орж хөргөгчинд нь нөлөөлж байна уу.2026 оны цагаан сар, шинэ жил гэхэд ямар үр дүнд хүрнэ гэж тооцож байна вэ? 

Ерөнхий сайд Г.Занданшатар:  Төрийн хууль дагана гэж тангараг өргөсний дагуу ЗГ-ын тухай хуульд сайдын өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээх дэд сад ажилна гэж бий. Би хууль биелүүлэх үүрэгтэй. Хуульд дэд сайдтай байна гэсний дагуу хуулиа биелүүлж байна. Бүтээмж үр дүнд суурилан урамшуулал олгодог тогтолцоотой байна. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Бүтцээ томруулах болохоор хуулиа биелүүлэх юм. Дэд сайд томилуулах болохоор хуулиа биелүүлдэг юм байна. Эрчим хүчний реформыг явуулах ёстой. Гэхдээ бодлогоо зөвөөр тодорхойлох ёстой. Үнэ тариф төрөөс бариад байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүнд дулаан цахилгааны үнэ нэмэх эрх байхгүй. Эрчим хүчний зохицуулах хороо л үнэд өөрчлөлт оруулах эрхтэй. Сүүлийн 10 гаруй жил эрчим хүчний үнэ хөдлөөгүй хэрнээ сая гэнэт их дүнгээр нэмэгдчихлээ. Үүнийг бага багаар нэмээд явах ёстой. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Та хуулийн дагуу дэд сайдуудыг тавьж байгаа юм байна. Дэд сайд гэдэг шагнал уу , ял уу. МИАТ компанийг 10 тэрбумын өрөнд оруулсан хүн дэд сайдаар томилогдсон нь шагнал уу ял юм уу. Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 99 мянган ААН байгаагаас 70 мянга гаруй нь өртэй, 9000 гаруй нь дансаа хаалгасан байна. Төрд ажил үйлчилгээ үзүүлсэн газар мөнгөө авч чадаагүй, үүнээс болж дансаа хаалгажээ. Төр өөрөө өглөгтэй хэрнээ НӨАТ-ын хүрээнд дансыг нь хааж байгаа нь дарамт биш үү? 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 16 дэд сайд томилсны үр дүн хэзээ гарах вэ. 16 дэд сайдын хөрөнгө оруулалттай танилцахад гурван дэд сайд БЗС-аас зээл авсан төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадах уу. Булган Баянхонгор аймгийн засаг дарга нар ажлаа хийж чадахгүй байна хэмээн ИТХ нь хурлаа хийсэн ч одоог хүртэл ажлаа хийгээд явж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Монгол Улс ерөнхий сайдаа хайж байна. Бид ерөнхий сайдаа олж харахгүй байна. Монголчууд үеийн үед тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн, Таван төгөлдөршил гэж нэрлээд эхний 200 хоногт үр дүн гаргасан ерөнхий сайд нарыг харж байснаас Монголчууд өнөөдөр ерөнхий сайдаа хайж байна. Иргэд амьдралд нь нөлөөлөхгүй өсөлтийн тоо ярьж байгаад гомдоод байгаа юм. 12-р сард бараа бүтээгдэхүүний үнэ 6.7 хувиар өссөн байна. Эдийн засгийн өсөлт өрхийн хаалгаар орохгүй байна. Өрхийн амьжиргаанд эдийн засгийн өсөлт нөлөөлөхгүй байгаад иргэд гомдоод байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Танай нам намаржин сандал ширээ, албан тушаалын хэрүүл маргаан хийлээ. Хүмүүс яагаад дэд сайд дээр бухимдаад байна гэхээр энэ томилгоо чинь дуусахгүй байна. ЗГ-т байгаа сайд нарт итгэл төрөхгүй байгаа нь танай ЗГ-т бодлогын манлайлал харагдахгүй байна. Таны баг бүрэлдэхүүнд итгэл төрөхгүй байна. ЗГ гарчиг тавих байдлаар гоё зурагтай постероор л ажил хийж байна. Бидэнд цаг хугацаа бага байна. Та ЕС-аар томилогдоод 187 хоносон байна. Танд үр дүн гаргах итгэл байна уу?

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: ЭМДС хоосорсонтой холбоотой диализын аппаратндаа орж чадахаа байлаа. ЭМДС-тай холбоотой ямар арга хэмжээ авах вэ. 21 аймагт ЭМДС-тай холбоотой маш их санал ирж байна. 

Ийнхүү УИХ-ын 126 гишүүнээс Ерөнхий сайдаас асуулт асуух асуулгын цагт есөн гишүүн л асуулт асуулаа. Тэр дундаа сөрөг хүчин болох АН-ын найман гишүүн, эрх баригч намаас нэг гишүүн асуулт асуулаа. Парламент дахь ХҮН нам, Үндэсний эвсэл болоод ИЗНН-аас асуулт асуусангүй. Парламент төгөлдөршиж, олон намаас парламент бүрдэж байна хэмээж буй ч ардчилсан болоод ардын намынхан л урьдын адил идэвхтэй улс төр хийж, бусад нам хойш суусан хэвээр байна.

Энэ удаагийн парламентад сонгогчид ХҮН намын найм, ИЗНН-ын дөрөв,  Үндэсний эвслийн дөрвөн хүнд санал өгч, төрийн түшээ болгосон. Гэвч иргэдийн төлөөлөл болж, дуу хоолой болж  чадаж байна уу гэдэгт эргэлзэж эхэллээ. Үг хэлдэггүй, "санаатай санамсаргүй" байдлаар хуулийн төсөлд кноп дардаг цөөнхийн бүлгийн Үндэсний эвсэл, ИЗНН-ын гишүүдийг эрэн сурвалжилж байна.