
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 буюу "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа. Тэрээр "ҮХЦ-д гомдол мэдээлэл гаргаснаар цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж гаргасан. Үүнийг парламент хүлээн авна гэж итгэж байна. Гишүүдэд энэ зүйл заалтын талаар хэлж, ойлгуулж байгаа. Хуулийн хугацаа нь яг энэ цаг үед л таарч байгаагаас илт худал мэдээлэл тараахтай холбоотой мэдээллийг дарагдуулж, баярын өдөртэй давхцуулсан асуудал байхгүй байх" гэлээ.
