m.mn
түрүүлж мэдээлнэ
2025.12.30 14:41
73
2025 оны эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдал

Өнгөрч буй 2025 онд эдийн засгийн салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлож байна. Хэдийгээр эдийн засагт том үйл явдал өрнөсөн ч энэ нь айл өрхийн санхүүд эергээр нөлөөлсөнгүй. ААН-ийн дарамтыг бууруулаагүй харин ч жин нэмсэн жил болж өнгөрлөө. Төр тендер нэрээр ажил хийлгэдэг ч түүнийгээ өгдөггүй, төсвийн байгууллага цалингаас өөр гүйлгээ хийх эрхгүй хэцүүхэн байдалтай шинэ оноо угтаж байна. 

Төсвийн тодотгол хийж урсгал зардлыг  анх удаа 2.2 их наяд төгрөгөөр танаж, алдагдалгүй төсөв баталсан ч оны төгсгөлд цалингаас өөр гүйлгээ хийх эрхгүй боллоо

 

Энэ оны төсвийг хэдийгээр алдагдалгүй баталсан ч оны сүүлд төсөв гурван их наяд төгрөгөөр тасарч, төсвийн байгууллага цалингаас өөр гүйлгээ гаргах эрхгүй болсон нь хувийн ААН-үүдэд ихээхэн дарамт боллоо.ҮСХ-ны мэдээлснээр он гарсаар эхний 11 сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурсныг мэдээллэсэн. Ийнхүү буурахад татварын орлого  23.5 их наяд төгрөг болж, 428.2  төгрөгөөр буюу  5.4% хувиар,  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.4  их наяд төгрөгөөр буюу 43.3 хувиар буурсан нь  их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. 

Төсөв тасрах гол шалтгааны нэг нь экспортын гол түүхий эд нүүрсний үнийн уналт байлаа. Оны эхэнд тонн тутам нь 224 ам.доллар байсан нүүрс эхний улиралд 115 ам.доллар болж бараг хоёр дахин буурч, оны сүүлд тонн тутмыг нь 64 ам.доллараар борлуулсан.  Өнгөрч буй 2025 онд бид 83.3 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон ч үнэ  буурсантай холбоотой экспортлох нүүрсний биет хэмжээг ихэсгэхээс өөр сонголтгүй болж, түүхэндээ байгаагүй их хэмжээний нүүрс экспортолсныг "Эрдэнэт тавантолгой" зарлаад буй юм.

Оны сүүл дөрөвдүгээр улиралд иргэдийн худалдан авах чадвар буурсан нь бүх салбарт ажиглагдаж, татвар, НДШ-ийн өртэй ААН-ийн ковидоос хойшхи хуримтлагдсан татварын өр 6.5 их наяд төгрөгт хүрч, дансаа хаалгасан ААН-ийн тоо 20 мянгад хүрсэн. Иймээс эдгээр ААН рүүгээ чиглэсэн, эдийн засгийг сэргээх арга хэмжээ авах цаг болсныг 2025 оны сүүлч санууллаа. 

Нүүрсний үнэ хэдийгээр буурсан ч зэс, алтны үнэ өссөнөөр зарлагаа бага боловч нөхөх боломж гарсан. Хэрэв 2025 оны  төсөвт тодотгол хийгээгүй бол оны төгсгөлд төсөв таван их наядаар тасарч, магадгүй цалингаа ч тавьж чадахгүй нөхцөлд хүрэх байлаа. 

Гадаад валютын нөөц 6 тэрбум долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан хэвээр 

 

Хэдийгээр Монголбанкны Эрдэнэсийн санд гадаад валютын нөөц 5.8 тэрбум ам.доллар гэж буй, гадаад худалдааны тэнцэл анх удаа эерэг үзүүлэлттэй гарсан ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сул хэвээр байна. Тухайлбал 2024 оны 12 дугаар сарын 31-нд 3420 төгрөгтэй тэнцэж байсан ханш нэг жилийн дотор 3556 болж өсч, 136 төгрөгөөр, юанийн ханш жилийн өмнө 468 төгрөгтэй тэнцэж байсан бол жилийн дотор 508.78 төгрөг болж, 40 төгрөгөөр өсчээ. Ийнхүү гадаад валютын албан ханш өсч байгаа ч төгрөгийн ханш, худалдан авах чадвар муу хэвээр байна. Бид хэрэгцээт бараа бүтээгдэхүүний 92.8 орчим хувийг гаднаас импортоор авдгаас гадаад валютын ханш бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлнө. Тэр ч утгаараа гадаад худалдааны тэнцэл эерэг үзүүлэлттэй гарсан ч  төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид  сайнаар нөлөөлсөнгүй. 

Газрын тос, шатах төрлийн бүтээгдэхүүнд жилдээ 1.5 их наяд ам.доллар зарцуулдаг гэх тооцоо бий. Дорноговь аймагт барьж буй газрын тосны үйлдвэр 2027 оны сүүлд хугацаандаа ашиглалтад орвол бид ийм хэмжээний гадаад валют гадагшаа урсгалгүй дотооддоо авч үлдэх боломжтой. Цаашид бид тансаг хэрэглээнд татвар ногдуулах, хамгийн их валют зарцуулдаг бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх замаар төгрөгийн ханшийг сулруулахгүй байх чиглэлд анхаарах шаардлагатайг сануулсан жил боллоо.

Зээлжих зэрэглэл тогтоодог дэлхийн гурван том агентлаг Монгол Улсын зэрэглэлийг ахиуллаа

 

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог гурван агентлагаас зээлжих зэрэглэлээ сайжруулсан нь сүүлийн 13 жилийн хугацаанд гарсан дэвшил байлаа. Тодруулбал, Moody’s: “B2 → B1, тогтвортой”,  Fitch: “B+, тогтвортой”,  S&P: “B+ → BB-, тогтвортой” төлөвт шилжсэн.  Зээлжих зэрэглэл ахиснаар улсын гадаад санхүүжилтийн өртөг буурна, хувийн хэвшил илүү таатай нөхцөлөөр зээл авах боломжтой болно, хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл улам батжинa.  Засгийн бонд болон хувийн хэвшлийн гадаад санхүүжилтийн зардал буурах нөхцөл бүрдэнэ. Энэ бол зүгээр нэг статистик биш харин Засгийн газрын бодлогод итгэсэн олон улсын үнэлгээ юм. Монгол Улс дэлхийн зах зээлд “эрсдэл өндөр” орноос “итгэл сэргэсэн” улс болж өөрчлөгдөж байна. 

Ийнхүү манай улсын зээлжих зэрэглэл сайжирч буй ч энэ нь бодитоор зээлийн хүүг хямдруулсангүй. Тухайлбал, Оюутолгой компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний  зээлийн хүүг бууруулахаар ажлын хэсэг гарч хэлэлцээрийн ширээнд суугаад буй. Манай талаас гадаад зах зээл дэх нэр хүнд, санхүүгийн нөхцөл сайжирсан ч бодитоор зээлийн хүү 11.5 хувиас буугаагүй, мөн арилжааны банкуудын зээлийн хүү, тэтгэврийн хүү өндөр буюу сарын 1.6-1.8 хувийн хүүтэй хэвээр байна.