m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
3 цагийн дараа
158
“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа


Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталж, хүн амд үзүүлэх үйлчилгээний зохицуулалтын уялдааг хангах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, зөвлөл, хороо, комиссын дарга нар, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт даалгав.

Статистикийн мэдээллээр эдийн засгийн өсөлт 5.9 хувь, инфляц 8.2 хувь, Төв банкны зорилтот түвшин орчимд, төлбөрийн тэнцэл ашигтай, гадаад валютын улсын нөөц 6 тэрбум ам.долларт хүрээд байна. 

Энэ өсөлтөд хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт улирал дамнан хадгалагдаж, уул уурхайн салбар III улиралд сэргэсэн нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, ажилласнаар орлого сайжирч, бараа үйлчилгээний импортын өсөлт саарч, урсгал дансны алдагдал тогтворжиж, нөгөө талаас санхүүгийн дансны ашиг өмнөх оноос нэмэгдсэн байна. Ингэснээр төлбөрийн тэнцэл ашигтай гарч, ханш тогтворжжээ.

Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.