

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 1 сая гаруй тээврийн хэрэгсэлд 13 тэрбум төгрөгөөр RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажлыг 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн.
Үүнд НЗДТГ-ын хөрөнгөөс гурван тэрбум төгрөг, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөгийг баталсан байдаг. RFID чипийг суулгаснаар замын түгжрэл буурч, үзлэг, оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийг илрүүлэх боломжтой гэж байв.

Таван жолооч тутмын дөрөв нь эсэргүүцэж байсан уг төслийн үр дүн өнөөдрийг хүртэл харагдахгүй байна.
Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяагаас тодруулахад “Нийслэлийн цахим хөгжил, мэдээлэл технологийн газраас бүх шилэн кабелийг холбосон. Одоо Зам тээврийн яам ажлыг хариуцаж байгаа. Өнөөдрийн байдлаар 400 мянга орчим машинд ялтсыг суулгасан” гэв.
Сүржин эхэлсэн RFID төсөл хэзээ ажил хэрэг болох вэ?
