Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
137
Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны удирдах зөвлөлийн III хурал боллоо

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо”-ны Удирдах зөвлөлийн III хурал 2026 оны 01 дүгээр сарын 12-нд боллоо.

Хурлыг нээж Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны Ерөнхийлөгч, МУСГЗ, Доктор/Ph.D/ Профессор Чимиддоржийн Даваабаяр үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 82 мянган ЖДҮҮ эрхлэгч, тэдгээрийн ард буй 800 мянга гаруй ажиллагсдыг эдийн засгийн амжилтын гол хөдөлгүүр, стратегийн чухал салбар болохыг онцлов.

Энэхүү хурал нь зөвхөн төлөвлөгөө батлах бус, “Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” гэсэн нэгэн зорилгын дор иргэн бүрийнхээ ирээдүйн төлөө санал бодлоо хуваалцсан онцгой үйл явдал болов.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан чинээлэг дундаж давхаргыг дэмжих үндэсний зорилтыг бодит ажил хэрэг болгох, салбарын ирэх 10 жилийн хөгжлийн замын зургийг гаргаснаараа онцгой ач холбогдолтой боллоо.

Хурлын үеэр ЖДҮҮ холбооны Хууль эрх зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч, ажлын хэсгийн ахлагч Б.Батдэлгэр салбарын шинэчлэлд чиглэсэн хэд хэдэн чухал асуудлыг танилцуулж, хэлэлцүүллээ. Үүнд:
– “Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” бодлогын төсөл, судалгаа боловсруулах ажлын явц.
– Удирдах зөвлөлийн хурлын журам болон Холбооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтүүд.
– “Баялаг бүтээгч” одонгоор шагнах тухай болон УЗ-ийн гишүүний татвар, хандив төвлөрүүлэх асуудлуудыг хэлэлцэн батлав.

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны Удирдах зөвлөлийн III хурлын үеэр төрөөс баримталж буй эдийн засгийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, хуралд оролцож байгаа баялаг бүтээгчидтэй санал солилцлоо.

Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан “Бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг тэлэх боломж” сэдвээр мэдээлэл өгөв.

УИХ-ын даргын зөвлөх С.Тэнгис хуралд оролцож, “Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-д баялаг бүтээгчдээс санал авах хэлэлцүүлгийг чиглүүллээ. Түүний танилцуулсан хуулийн өөрчлөлт нь, Үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, процессыг хялбарчлах замаар бизнест ирэх дарамтыг бууруулах зорилготой. Энэ нь хууль тогтоох дээд байгууллагаас баялаг бүтээгчдийнхээ дуу хоолойг шууд сонсож, бодит саналд үндэслэн хуулийг боловсронгуй болгох алхам боллоо.

ЖДҮҮ холбооны удирдах зөвлөлд шинээр элсэж буй бизнес эрхлэгч захирлууд өөрсдийн аж ахуйн нэгжийн түүхэн замналаа танилцуулж, ЖДҮҮ холбоонд элсэн орлоо. ЖДҮҮ холбооны гишүүд нь халамжаас хөдөлмөр, үйлдвэрлэлд шилжих бодлогыг бодитоор хэрэгжүүлж, олон зуун монгол иргэдийг ажлын байраар ханган ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгч нарын төлөөлөл юм.

Хурлын үеэр онцлох мөч нь 2015 оноос хойш Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн 80 гаруй удаагийн хуралд 100 хувийн ирцтэйгээр оролцож ирсэн Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Сургалт хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Энх-Амгалан, Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Хууль эрх зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Батдэлгэр нарыг ЖДҮҮ холбооны “ХҮНДЭТ ГИШҮҮН”-ээр батламжлав.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт нийт 82 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 800 мянга гаруй иргэн ажилтай, орлоготой байна. Энэхүү сегмент нь олон улсын жишгээр улс орны эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах стратегийн маш чухал салбар юм. ЖДҮҮ холбоо нь эдгээр баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалагч, тэднийг төртэй холбох гүүр болон ажиллаж байна.

Энэхүү хурал нь 2025 оны ололт амжилтаа бататган дүгнэж, 2026 оноос эхлэх ирэх 10 жилийн хөгжлийн шинэ зураглалаа “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд тодорхойлсноороо онцлог байлаа.

Бодлогын шинэчлэл
“Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” уриан дор салбарын бодлогын маш том ажлыг судалж, төсөл боловсруулах ажлын албаны даргаар Ч.Даваабаяр, нарийн бичгээр Ц.Ганзориг, Э.Жавхланбаяр нарын 9 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгон батламжиллаа. Хууль эрх зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Батдэлгэрээр ахлуулсан энэхүү ажлын хэсэг нь салбарын дуу хоолойг хууль тогтоомжид тусгах, баялаг бүтээгчдээ бодитоор дэмжих үйл ажиллагааг эхлүүлж байна.

Ирээдүйн алсын хараа
2025 оны ажлын тайлан, 2026 оны төсөв болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн батлахдаа “Нэг зорилго – Нэг үзэл бодол”-тойгоор цаашдын ажлаа эхлүүлэхээр санал нэгдлээ. Төрийн өндөр түвшний төлөөллүүдийн мэдээлэл, санал зөвлөмж нь манай баялаг бүтээгчдэд бизнесийн орчноо тэлэх, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм.