

Энэ онд Монголын уламжлалт анагаах ухааны дэг сургууль, тогтолцоо бүрэлдсэний 345 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар зарлиг гаргах гэж байгаа юм. Тэгвэл Монголын уламжлалт анагаах ухааны 5 онцлогийг уншигч танд хүргэж байна.
Монгол алтан хундага ургамал
Уламжлалт анагаах ухаанд зүрх, судасны өвчний үед хэрэглэдэг. Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ц.Хайдав энэ ургамлыг судлан дэлхийн шинжлэх ухаанд анх нээн илрүүлж, нэршлийг нь шинээр оруулан, зүрхний гликозид агуулж буйг тогтоосон. Академич Ц.Хайдав энэ ургамлыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Лувсанцэрэн маарамбын санал болгож, заасны дагуу судалжээ.
Тархи доргилтын эмчилгээ
Барьж домнох аргаар богино хугацаанд эмчилдэг бөгөөд уламжлалт анагаах ухаанд оруулсан өвөг дээдсийн эмчилгээний нэг арга юм. Нэрт эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир 1776-1785 онд зохиосон “Дөрвөн рашаан” бүтээлдээ энэ тухай тодорхой дурджээ.
Монгол төөнө засал
Хоржи Миза засал нь нүүдэлчин монголчуудаас гаралтайг МЭӨ зохиогдсон Хятадын уламжлалт анагаах ухааны сурвалж Хуанди нэйжин сударт тэмдэглэсэн байдаг.
Монголын ууган оточ
Ламын гэгээн Лувсанданзанжанцан /1639-1704/ нь анхны Манбадацан буюу эмч бэлтгэдэг сургууль байгуулж, уламжлал анагаах ухааны чиглэлээр таван гол бүтээл туурвисан нь өнөө цагийн уламжлалт анагаах ухааны салбарт үндсэн сурвалж бүтээл болсоор байна. Үүнд: “Хамба номун ханы буман зарлигаас анагаах ухааны язгуурын үндсийн тайлбар тодруулагч зул хэмээх оршивой”, “Хамба номын ханы буман зарлигаас увдист рашааны дусал оршивой”, ”Хамба номун ханы буман зарлигаас өвчний ялгалыг сайтан үзүүлсэн тодорхойлол хэмээх оршивой”, “Хамба номун ханы буман зарлигаас хорин тавтын аймаг оршивой”, “Хамба номун ханы буман зарлигаас туулгын бүлгийг хамтатган үйлддэх жишээ хийгээд хүйтнийг ерөнхийд нь дарах рашааны найрлага, тасарсныг залгуулж гэмийг угаас гаргагч нугууд оршивой” болно.
Шавилан сургалт
XX зууны эхэнд 1,000 гаруй сүм, хийдийн ихэнх нь Манба дацан буюу эмчийн сургуультай байсан нь уламжлалт анагаах ухааны эмч нарыг бэлтгэж ирсэн олон жилийн түүхэн уламжлалтайг баталдаг. Далай Чойнхор Засгийн хошууны Тариатын хүрээний Мамба дацанд анх удаа ном хаялцах шинэ арга нэвтрүүлснийг бусад хүрээ, хийд хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Үүнийг анх санаачилсан Алдарт маарамба Жамбачүлтэмбалсамбуугийн шавь нарын нэг алдарт оточ Лүнрэгдандар нь эмч бэлтгэх сургалтдаа шүүмжлэх, няцаах, хүлээн зөвшөөрөх зэрэг мэтгэлцээний нарийн аргуудыг нэвтрүүлсэн түүхтэй. Мөн шавилан сургах болон эмч хүний энэрэн нигүүлсэх үзлийг заан сургах аргыг сургалтдаа нэвтрүүлжээ. Шавилан сургалт нь шавь нь багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж, зохиол туурвилыг нь баяжуулдаг онцлогтой.
