

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын урд урсдаг Жаргантын гол -50 хэмд хөлддөггүй, усан доторх өвс ногоон зунаараа байдаг гайхамшигт тогтоцтой. Иймээс ч нутгийн иргэд Жаргантын голыг амьд устай гэж ярьдаг байна. Монголын Швейцарь хэмээн нэрийддэг энэхүү байгалийн өвөрмөц тогтоцыг харах гэсэн дотоодын аялагчид өвөл ч гэсэн Хөвсгөл аймгийг ихээр зорих болжээ. Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаахан, дотор нь ургасан өвс ургамал нь ногооноороо цэцэглэсэн байдаг. Өвөл нь ногооноороо харин зуны улиралд голын ус тэсгим хүйтэн болдгоороо онцлог. Голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд үзэсгэлэнтэй болдог байна.

Энэхүү үзэсгэлэнт байгаль амьтай, догшин сахиустай гэдэг тул ойр орчмыг бохирдуулах, голын ногоон ургамлыг тасалж болохгүйг нутгийн иргэд сануулж байсан юм. Өвс ногоо зулгаагаад авч явсан залуусын машин замдаа саатсан талаар ч мөн ярилаа.
Аялагчдын цуваа тасрахгүй байгаа нь орон нутгийн өрхийн үйлдвэрлэгчдэд сайнаар нөлөөлж байгааг хэлсэн. Нутгийн иргэд ихэвчлэн ааруул, шар тос, өрөм гэхчилэн цагаан идээ, бугын зуулт, арц, хонин нүдэн, хужир, зүрхэн цэцэг гэхчилэн ховор төрлийн эмийн ургамал зарж борлуулж байлаа. Эдгээр ховор төрлийн эмийн ургамлыг зундаа түүж боловсруулж, хатаагаад өвөл зунгүй зарж борлуулж байгаа нь иргэдийн ахуй амьдралд ч сайнаар нөлөөлж байгааг хэлж байсан юм.
Аялагчдын хувьд "Шуурга халтиргаатайд Улаанбаатараас замдаа хоёр хонож очиж байна. Ийм сайхан байгаль байдгийг мэдээд, нүдээр үзэхээр найз нөхдөөрөө баг болоод ирлээ. Жаргант гол үзчихээд Цагааннуур сум руу цаатан айл үзнэ. Долоо хоногийн хөтөлбөртэй ирлээ. Хөвсгөл аймаг Жаргантын голыг зорьж байгаа иргэд дулаан хувцаслаарай. Машин техникээ сайн бэлдэх хэрэгтэй" гэж зөвлөлөө.

Үнэхээр ч жижиг тэрэг гарамгүй Дархадын цэнхэр хотгор 13 овоо бүхий Өлийн даваа, Тоомын даваа цас ихтэй тэсгим хүйтэнд тоглоом биш. Бидний сурвалжлах баг явах зуур цасанд суусан жижиг тэрэг, замаас гарсан, хальтирсан, онхолдсон машинуудтай ч таарсан юм. Иймээс иргэд, аялагчид хэрэв хол замд гарах гэж байгаа бол машин техникээ бэлдэх, дулаан хувцсаа базаагаарай.
