Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Г.Тэмүүлэн тэргүүтэй хоршооллын салбарын мэргэжлийн холбоодын төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтаар энэ онд тохиож буй Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ой болон олон улсын хоршоологчдын жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцов.
Хоршоологчдын зүгээс хоршоодын хөгжил, чадавхын үнэлгээг зохион байгуулах, гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах, хоршооны хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийн үүсвэрийг тодорхой, үйл ажиллагааг тогтвортой байлгах, ахуй үйлчилгээний салбарын хөгжилд анхаарах зэрэг асуудлыг хөндөж салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах нэн шаардлагатай байгааг тодотголоо.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн салбарын яамнаас Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж буйг дурдаад цаашид 21 аймаг 70 суманд малчид, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх "Орон нутгийн хөгжлийн төв" байгуулж, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой хамтран хэрэгжүүлнэ гэв.