Өсвөр нас бол хүний амьдралын эрчимтэй өсөлтийн хоёр дах үе бөгөөд энэ насанд хүүхдийн өндөр 1/5 дахин, биеийн жин 1/2 дахин нэмэгддэг. Өсөлт хөгжилт эрчимтэй явагддаг энэ насанд уураг, аминдэм, эрдэс бодисоор ялангуяа “Д” аминдэм, кальциар баялаг хүнс, хоолыг өдөр бүр тогтмол хэрэглэх нь маш чухал юм. Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг шийдвэрлэхэд өсөлт, хөгжилтийн явцад бие махбодид явагдах бодисын солилцоо, эрхтэн системийн өөрчлөлтийн онцлогийг заавал харгалзан үздэг.Хүн амын зөв хооллолтын зарчмыг баримтлах ба хүүхдийн хоол боловсруулах эрхтний хувьд насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хэд хэдэн онцлогтой. Тодруулбал,
-Өсвөр насны хүүхдийн ходоод, гэдэсний салст уян зөөлөн, цусны судсаар баялаг, судасны ханын нэвчимтгий чанар сайн учраас хоолны дутуу боловсорсан бүтээгдэхүүн, хорт бодис амархан нэвчиж, хордлогод орох нь хурдан байдаг тул аюулгүй хүнс, хоол хэрэглэх.
- Өсвөр насныханы өсөлт хөгжилтийг хурдасгагч биокатализатор бол ус, шингэн орчин юм. Иймд хийжүүлсэн ундаанаас татгалзаж, буцалсан ус, цай, ногоо, цэвэр, шинэ жимсний шүүс зэрэг шингэнийг хангалттай хэрэглэх.
-Чихэр ихтэй болон далд өөх тос, давс, сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундааны зар сурталчилгаа их байдагтай холбоотой хүүхдүүдийн дунд хэрэглээ их байдаг. Эдгээр нь шүд цоорох, биеийн жинг нэмэгдүүлэх, яс сийрэгжих, арьс батгаших, нөсөө үүсэх, харшил гэх зэрэг өвчин, эмгэгт үүсгэдэг тул аль болохоор бага хэрэглэх, хэрэглэхгүй байх
-Өсвөр насны хүүхдүүд таалагдсан тамирчин, загвар өмсөгч, алдартай хүмүүсийг дуурайх хандлагатай байдаг тул хэт хоолоо сойх улмаар хоолонд дургүй болох, огт хоол идэхгүй байх (анорекси) эсвэл хэт их идэх (булими) гаж зуршилд өртөх магадлал их байдгийг онцгой анхаарах.
-Сүүлийн үед төрөл бүрийн электрон тоглоом, компьютерийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой хөдөлгөөний хомсдолд орж, хүүхдийн дунд илүүдэл жин, таргалалт нэмэгдэж байгаа тул идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэн, төрөл бүрийн спорт тоглоомоор хичээллэх . Өсвөр насныханы өсөлт хөгжилтийг согтууруулах ундааны зүйл, тамхи нь саатуулах сөрөг нөлөөтэй тул согтууруулах ундаа, тамхийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй хэмээн мэргэжилтэн зөвлөж байна.