Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Соёл урлаг
2 цагийн дараа
117
Зорилготой хүн зогсдоггүй

Бид энэ удаагийн ярилцлагаараа Нийслэлийн ерөнхий боловсролын Сэтгэмж цогцолбор сургуулийн 10в ангийн сурагч Э.Булгантамирыг онцолж байна.

Тэрээр төрөлхийн нэг гаргүй ч гэсэн өөрийн хүсэл мөрөөдлөө даган сагсан бөмбөгөөр тууштай хичээллэдэг. Өнгөрсөн амралтын өдөр болсон МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын Бүх оддын тоглолтод “Team Nike” багаас оролцож, ялагчаар тодорсон юм. Э.Булгантамиртай цөөн хорим ярилцсанаа хүргэе.

- Өөрийгөө танилцуулаач?

Намайг Э.Булгантамир гэдэг. Би 15 настай. Нийслэлийн ерөнхий боловсролын Сэтгэмж цогцолбор сургуульд суралцдаг. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг.

- Бүх оддын тоглолтод орох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

Хэзээ ч төсөөлөөгүй байсан учраас маш их баярласан. Миний бичлэгүүдийг үзээд надтай холбогдсон юм байна лээ. Хүндэлдэг, дагаж дуурайдаг хүмүүстэйгээ хамт нэг талбай дээр тоглоод яг л тамирчин хүн шиг гоё байсан. Хүмүүсийн алга ташилт урам өгсөн.

- Хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ?

Багаасаа сагсан бөмбөгт дуртай байсан. Үеэл ахыгаа дагаад гэрийнхээ гадаа тоглож эхэлсэн. Хоёр жилийн өмнөөс бүр илүү сонирхож , хичээллэж байгаа. Долоо хоногт хоёр өдөр дөрвөн цагаар хичээллэдэг. Бусад үед нь найзуудтайгаа заал авдаг.

- Сагс тоглож байгаа бичлэгээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?

Манай багш надад бичлэг хийхийг санал болгосон. Дуртай зүйлээрээ контент хийвэл зүгээр гэж хэлсэн. Би сагсан бөмбөгт дуртай учраас бичлэгээ хийж эхэлсэн.

- Хэнээс хамгийн их урам авдаг вэ?

Надтай адил бэрхшээлтэй гадаад тоглогч бий. Hansel Emmanuel- ийг дуурайж, бичлэгүүдийг нь үзэж их урам авдаг. Боломж олдвол Үндэсний дээд лигт тоглох сонирхолтой. Өдөр бүр хичээж бэлтгэлээ хийж байгаа.

- Шантрах үе хэр их байдаг вэ?

Бага байхдаа гараасаа болоод жаахан эмзэглэдэг байсан. Одоо бол тоохоо больсон. Анхнаасаа нэг гаргүй байсан учраас нэг их хэцүү санагддаггүй.

- Найзууддаа хандаж юу гэж хэлмээр байна?

Юу ч болсон битгий шантраарай. Тууштай хичээгээрэй гэж хэлмээр байна.

- Баярлалаа

Бичлэг үзэх: