

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулинд мал, амьтны эмийг жороор олгохоор заасны дагуу мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай болсон. Энэхүү ажлын хүрээнд Эм үйлдвэрлэх, ханган нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагуудад мал, амьтны эмийн бүртгэл мэдээллийн цахим систем танилцуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцох сургалт боллоо.
Сургалтаар Мал, амьтны эмийн зөвлөл, фармакофейн хорооны үйл ажиллагаа, “Малын эмийн бүртгэл, мэдээллийн цахим систем”, Мал эмнэлгийн салбарт хийгдсэн бичил биетний тэсвэржилт, эмийн үлдцийн судалгаа, шинжилгээний үр дүн, хяналт шалгалтын арга хэмжээний талаар танилцуулна. Сургалтыг НҮБ-ын ХХААБайгууллагын дэмжлэгээр хамтран зохион байгуулж, Мал, амьтны эмийн зөвлөл, МЭЭСБУЛ, УМЭАЦТЛ, НМЭГ, МЭХ, МЭС, Мал эмнэлгийн эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, мал, амьтны эмийн сангийн 100 гаруй албан хаагчид хамрагдлаа.

“Малын эмийн бүртгэл, мэдээллийн цахим систем”-ийг ашиглалтад оруулснаар эмийн бүртгэлийн нэгдсэн сан үүсгэх, эмийн эргэлтийг хянах, эмийн үлдэгдэл, бичил биетний тэсвэржилт (ББТ)-ээс сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Улсын хэмжээнд 2024 оны байдлаар мал амьтны эмийн сан 448, эм ханган нийлүүлэх байгууллага 53, эм үйлдвэрлэх 5 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.

