m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2026.01.21 09:28
155
Хөлдчихгүйхэн шиг өвлийг давах юмсандаа Б.Чойжилсүрэн сайдаа
Хүн бүр дүн өвлийн хүйтнээр хотоороо хөлдчихгүй юмсан гэх  бодол тээн тог ирэхийг хүлээн лаа асааж байна. Үнэндээ гадаа хасах 33 хэмийн хүйтэнд гэрт тоггүй, паар халахгүй, зарим газар шугам нь хөлдсөн өвлийг зутруухан л давж байна. 
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хот даяараа хөлдөх эрсдэлд орсон үед яагаад гарч ирж иргэддээ үнэн бодит мэдээлэл өгөхгүй байгаа юм? Хоёр жилийн дараа Монголд тог тасарвал энэ улс төрөөс явна гэж шадар сайд Т.Доржханд хэлээд жил л өнгөрч байна. Гэвч эрчим хүчний салбартаа ямар шинэчлэл хийж, үеэ өнгөрөөсөн цахилгаан станцууддаа засвар оруулсан юм?
Улсын төсөв батлахдаа шаардлагатай ажлын эрэмбээр биш  "идэж" болох салбар, ард түмэнд таалагдах байшин барилгад илүү хөрөнгө хуваарилж ирсний горыг 3.5 саяулаа амсаж байна. Ядаж байхад салбарын сайд асан Н.Тавинбэх  нь салбартаа биш өөртөө л ашиг хонжоо хайж ирснийг АТГ илрүүлж, одоо цагдан хоригдож буй. Зөвлөх болон бусад албаны дарга нар ч үүнд гар хөл дүрсэн хэмээн шалгагдаж байна. Дээрээсээ эхлээд дунд шат хүртлээ завхарч, авлигад идэгдсэний гайг монгол инженерүүд нуруундаа үүрч, идэр есийн хүйтэнд шугам нь хөлдсөн, тог нь тасарсан лаатай, дүн өвлийг өнгөрүүлж байгааг тэд сошиал орчинд бичиж, мэдэгдсээр байна. Өнгөрсөн жил ТЭЦ-3-т том осол гарахад бүгд эрчим хүчний салбараа өөд татъя, станцуудаа засъя гэсэн ч тэгсгээд шуураад өнгөрсөн. Өнгөрсөн жилээс сургамж авалгүй энэ удаад ТЭЦ-4-т гэмтэл гарлаа. Ашиглалтын хугацаа дууссан хэдэн станцууд амь тавих дөхөж байна. 
 
Уул уурхайн зөвлөх инженер П.Өлзийнаран "ЭТТ ХК-ны ТУЗ-д байхад алалцаж байж Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг баталж билээ. Тэр ТУЗ-д Бурмаа тэргүүтэй Женкогийнхыг МАН өдгөөгийн ерөнхийлөгч, Ерөнхий сайд, экс ерөнхий сайд нар маань оруулж ирж суулгаж байсан. Тэд нар стратегийн хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь эсэргүүцнэ. Тэд нарыг алалцаж байж даваад гарсан чинь Х.Чойжилсүрэн 8 жил "Таван толгой" цахилгаан станцын тендерийг өөрөө авах гэж гацааж улс орныг хорлолоо. Түүнийхээ төлөө өнөөдөр эрчим хүчний сайд МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн хийж тог таслаж эрчим хүчний дутагдалд улс эх орныг оруулж байна. Яагаад томилгоонууд мэргэжлийн баримжаагүй хийж яагаад энэ нийгмийн шаардлагатай зөв ТЕХНОЛОГИЙН төслүүдийг буруу хийж гацааж ухрааж ард иргэдээ  хорлоод байна" гэжээ.
 
"Эрчим сүлжээ" гүйцэтгэх захирал Н.Нямдаваа "Идэр есийн хүйтнээр ТЭЦ-4-н нэг зууханд гэмтэл гарч хэсэгчилсэн хязгаарлалтууд хийгдээд эхэллээ. Жил ирэх тусам хуучин станцууд улам л хуучирч элэгдэж хүндрэл улам л даамжирна… Нэн тэргүүнд эрэмбэлэх ёстой Эрчим хүчний салбартаа олигтой ХО тавихгүй, нэг ч станц барихгүй хэдэн арван жил боллоо. Улсаараа хөлдөж байж л нэг ухаарах юм уу даа … Соёлын яамнаасаа бага төсөв батлаад өгдөг, үнэ тарифыг өртгөөс нь багаар олон арван жил попорч хүчээр барьсны гор нь их хүчтэй л ирэх байх даа яана даа! Хөөрхий гомдлох эрхгүй эрчим хүчний инженер техникийн ажилтнууд халуу төөнөсөн зуух руу орж , аль болох хурдан засварлаж, сэргээхээр ажиллаж байгаа шүү" гэжээ.