

"Авлига хороолол"-ыг барьсан "Эм энд Жи" компанийн зүгээс өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Ерөнхий захирал A.Aмарбаясгалан: 2007 онд НИТХ-аас 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт буюу төмөр замын урд талд 11.8 га газар хэрэгжих гурван үе шат бүхий төслийн саналыг дэмжсүгэй гэх тогтоол гарсан. Энэ дагуу орон сууцны зориулалттай газар авч, үүнд нь бид санаачилгаараа усан парк барих санаачилгыг гаргасан. Энэ бүтээн байгуулалт бидний дөрвөн хүний хөрөнгө, банкны зээл, 650 гаруй урьдчилгаа өгсөн иргэний хөрөнгөөр боссон. Одоогоор бид 20 тэрбум төгрөгийн өр зээлтэй, банкны хүү төлж байна. Байрны захиалагч нар маань ч нэг жил гаруй түрээсийн байранд байраа хүлээгээд байна. Бид усны тухай хуулиар ч тэр ямар ч хууль дүрэм журам зөрчөөгүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол бид дампуурлын ирмэгт байна. Нийслэлтэй хийж байгаа маргаан одоо ч шүүхийн шийд гараагүй байгаа. 20 гаруй удаа хойшиллоо. АТГ-аас манайхыг дөрвөн удаа шалгасан. Манайх шалгуулах л үүрэгтэй болохоос биш мэдээллээ өгдөг ямар ч шийдэлгүй буцдаг. Төрийн байгууллага ард иргэдэд таалагдахын тулд ажиллаж байна. Анх Шилэн Цогоо Энхтайваны гүүрэн дээр явж байхдаа л "Авлига хороолол гэж нэрлэе" гээд нэрлэсэн л асуудал байгаа. Гэтэл тэр хүн өөрөө улсаас шинэ вагоны мөнгө авчихаад акталсан хуучин вагон шахсан л хүн шүү дээ. Бидэн дээр хэн ч ирж асууж тодруулаагүй" гэлээ.
