Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
5 цагийн дараа
66
Шадар сайд Т.Доржханд "Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлэв

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Шадар сайд Т.Доржханд 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд байгаль хамгаалал нь бодит амьдралтай салшгүй холбоотой асуудал юм. Нүүдлийн соёл иргэншлээс улбаатай байгальтайгаа зохицон амьдрах уламжлал нь манай хөгжлийн бодлого, байгаль орчны удирдлага, олон улсын хамтын ажиллагаанд суурь чиг баримжаа болсоор ирсэн. Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал хоорондоо уялдан нөлөөлж буйг Монгол Улс бодитоор мэдэрч байгаа бөгөөд ийм нөхцөлд олон талт хамтын ажиллагаа нь зайлшгүй хэрэгцээ гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улс 2026 оны 08 дугаар сард Монгол Улс энэ онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал (COP17)-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, үүний хүрээнд Монгол Улс “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэвшүүлж, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой мал аж ахуй, ус–газрын уялдаа, байгальд суурилсан шийдлүүдийг нэгтгэн хэрэгжүүлэхийг зорилтоо танилцуулав.

Мөн өдөр Шадар сайд Т.Доржханд Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, эдийн засгийн өрсөлдөх чадварын асуудал эрхэлсэн сайд Николя Форисье-г хүлээн авч уулзаж, ашигт малтмал, эрчим хүч, хиймэл дагуулын харилцаа холбоо, геологийн судалгаа, хөгжлийн санхүүжилт, дата төвийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг санал солилцов.

Талууд сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй өндөр түвшний харилцан айлчлалуудыг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бат бөх суурь болсныг онцолж, урт хугацаанд харилцан ашигтай, тогтвортой түншлэлийг бэхжүүлэхээ нотоллоо.

Уулзалтын үеэр Orano компанитай хэрэгжиж буй төсөл нь Монгол Улсад хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлсэн бодит жишээ гэдгийг тэмдэглэж, үлдэж буй хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээр болон байгаль орчны үнэлгээг шуурхай урагшлуулахын чухлыг хөндлөө. Мөн Монгол Улсын үндэсний хиймэл дагуултай болох асуудал, Францын санхүүжилттэй шийдлийн давуу тал, дата төвийн хөгжилд аюулгүй мэдээллийн урсгал чухал болох талаар санал солилцов.

Цаашид Францын Хөгжлийн Агентлагийн (AFD) Монгол Улсад төлөөлөгчийн газар нээх, BRGM-ээр дамжуулан геологийн судалгааг үе шаттайгаар хэрэгжүүлэх, мөн Монголын Эдийн засгийн форум зэрэг ойрын арга хэмжээнүүдийн хүрээнд хамтын ажиллагааг бодит төслүүдээр баяжуулахаар тохиролцов. Энэхүү уулзалт нь Франц–Монголын эдийн засгийн түншлэлийг илүү бодит, хэрэгжихүйц шатанд гаргах чухал алхам болсныг талууд онцоллоо.