

Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй шадар сайд Т.Доржхандаас энэ жилийн уулзалтын онцлог үр дүн болоод монголд үүсээд буй эрчим хүчний асуудлаар тодрууллаа. Тэрээр "Энэ жилийн Давосын хурлын онцлог тогтвортой хамтын ажиллагааг хэрхэн бий болгох вэ гэдэгт анхаарч байна. Хамтраад, тогтвортой хөгжлийг хэрхэн бий болгохын төлөө хамтдаа юу хийх вэ гэдэг дээр төвлөрч байна. Өнгөрсөн жил маш олон ЗГ шинээр байгуулагдсанаас том том бодлогын асуудлуудыг эрчтэй хүчтэй урагшлуулах талаар хуралдаж байсан бол одоо нэг алхам хойшилъё, хүчтэй нь хүчгүйгээ гэдэг шиг нөхцөл байдалд эвлэлдэн нэгье гэдэг дээр нэгдэж байна. Дэлхий нийт цаашдын 100 жилд эрчим хүчний хэрэглээ, эх үүсвэрийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Би энэ жил гадаадын хөрөнгө оруулагч нартайгаа түлхүү уулзаж байна. Өмнө нь уулзаж тохирсон хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилттэйгээ уулзаж байна. Хиймэл оюун ухаантай холбоотой эрчим хүчний хэрэглээ арав дахин өссөн. Чухал ашигт малтмал, газрын ховор элемент маш чухал боллоо. Учир нь өмнө нь англи хэл сурахын тулд тухайн улсад нь очиж, төлбөр төлж, амьжиргааны зардал гаргадаг байсан бол одоо гар утсаараа хиймэл оюун ухаанд мөнгө төлөөд сурдаг болсон. Тэгэхээр асар их хэмнэлтийг хиймэл оюун ухаан хийж байгаа ч төлж байгаа зардлын дийлэнхийг эрчим хүчинд зарцуулж байна. Ногоон эрчим хүч, эрчим хүчний түүхий эд маш үнэтэй болж байна.
Сайн мэдээ нь ирэх жил зэс маш өндөр үнэтэй байх юм байна. Богино хугацааны өсөлт биш урт хугацаандаа үргэлжлэх юм байна. Хиймэл оюун ухаан зэсийн хэрэглээг маш их нэмж байна. Технологийн асар хурдтай шилжилтийг дагаад 2-3 төрлийн бүтээгдэхүүний өсөлт урт хугацаанд хадгалагдахаар байна. Энэ нь газрын ховор элемент, зэс, эрчим хүч байхаар байна. Ирэх 10-20 жилд монголд давуу байдал үүсэхээр байна. Иймээс иргэдтэйгээ ойлголцож байгаад газрын ховор элемент бусад салбаруудаа хөдөлгөхгүй бол бид хоцрох нь.
Газрын ховор элемент бүх улсын сонирхлыг татаж байна. Гагцхүү үүнийг ашиглах тал дээр ЗГ тогтвортой бодлого гаргаад, иргэдтэйгээ ойлголцвол бид хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа бусад улс илэрхийлж байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Трамп нөөцөө ашиглахад бэлэн байна уу, тэгвэл хамтарч ажиллая гэх байдлаар санал тавьж байна. ЕХ-ны олон улс эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байна. Тэд манайхыг тогтвортой байж чадах уу. Хамтарч ажиллахын тулд урт хугацаа хэрэгтэй гэж байна. Манай ганц асуудал бид тогтвортой бодлогогүй, тогтвортой засгийн газаргүйд асуудал байна.
Монгол Улсын эрчим хүчний салбар хөгжлөөр 20 жилээр хоцорч яваа. ТЭЦ-4 70 настай. Ийм насжилттай цахилгаан станц дэлхийд байхгүй.
Бид хуучинтайгаа ноцолдоод үр дүн гарахгүй юм байна. Тоног төхөөрөмж нь ч байхгүй, ОХУ-д тэр үйлдвэр нь ч байхгүй. Тиймээс бид богино хугацаанд нийлүүлэлт нэмэгдүүлэх нар салхины эрчим хүч нийлүүлэх боломжтой. 2028 он гэхэд эрчим хүчний биеэ даасан байдалтай байж чадна. Газрын дор нүүрстэй хямд эрчим хүч байхад яагаад сэргээгдэх эрчим хүч гэж гэж олон хүн асуудаг. Одоо сэргээгдэх эрчим хүч нүүрснээс хямд болсон.
Бид 40 жил цахилгаан станцгүй явж явчихаад өргөс авсан юм шиг шууд зүгээр болчихгүй шүү дээ. Энэ урт хугацааны ажил.
Т.Доржханд өнөөдөр улс төрөөс явна уу байна уу чухал биш. Ирж байгаа өөрчлөлтийг хүлээж аваад, хоцрохгүйгээр бид өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Эрчим хүч хамгийн хэрэгтэй салбар бол дата төв хиймэл оюун ухаан. Бидэнд хамгийн хэрэгтэй зүйл нь газар хөдлөлтгүй орчин, цунамигүй гээд бүх өгөгдөл монголд бий. Эрчим хүчийг бид кабелаар экспортлох боломжтой. Бид цахилгаан станц л төсөөлөөд байдаг. Уламжлалт цахилгаан станцид хүмүүс санхүүжүүлэхээ больсон" гэлээ.
