
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дүгээр тогтоол батлагдаж, зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
2025 оны 11-р сарын 01-нээс 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 126.769 зөрчил баталгаажиж, үүнээс 62.886 зөрчлийн торгууль төлөгдсөн байна. Үүний дагуу нийт 143.704.400 төгрөгийн урамшуулал олгох юм.
2026 оны 1 дүгээр улиралд нийт 9112 иргэнд урамшуулал олгохоор төлөвлөсөн бөгөөд урамшуулал олгох систем 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хаагдсан.
Нийт урамшуулал авах эрхтэй иргэдээс:
- 5519 иргэн 102 аппликэйшнд IBAN дансаа амжилттай холбосон,
- 3593 иргэн IBAN дансаа холбож амжаагүй байна.
IBAN дансаа холбогоогүй иргэдийн урамшууллын мөнгөн дүнг дараагийн улиралд шилжүүлэн олгох тул тухайн иргэд 102 аппликэйшнд IBAN дансаа холбох шаардлагатайг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.