

Монгол Улсад карбон кредитийн системийг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форум болж буй. Эдийн засгийн чуулга уулзалтад хамгийн ихээр яригдаж буй сэдэв нь байгаль орчны асуудал байгаа аж. Тэгвэл дэлхийн улс орнууд яагаад байгаль орчныг эдийн засагтай холбож байгаа нь сонин. Энэ талаар БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамираас тодрууллаа.
Тэрбээр “Бидний үр хойчийн цаашид амьдрах орчин бол дэлхий гэх нэг том байгаль. Чөлөөт эдийн засаг руу ороод, мөнгө санхүүгийн хувьд асуудалгүй болчихсон орнууд “Ирээдүйд байгаль дэлхийдээ яаж урт удаан амьдрах вэ” гэдэгт л санаа зовж байгаа. Хүн төрөлхтөн хүрээлэн буй орчноо хайрлахгүй бол хувьсан өөрчлөгдөж буй экологийн систем, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаашид дэлхий дээр амьдрал үргэлжлэхээргүй болно. Үүнийг л дэлхийн хөгжингүй улсууд ойлгочхоод байна. Нэг ёсондоо уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, амьдралын хугацаагаа уртасгах зорилгыг дэлхийн хөгжингүй улсууд анхааралдаа авсан гэсэн үг.
Монгол Улсын хувьд ч энэ жишгээс ухрахгүйгээр Монгол Улсдаа COP-17 хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ бол Монгол Улсад үүсээд байгаа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг дэлхий нийтийн анхааралд оруулах маш том давуу тал болно. Монгол Улсад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байгаа. Энэ бол байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ялангуяа цөлжилтийн эсрэг хийж буй маш том алхам болсон. Цаашид бид модоо тарьж ургуулаад, эргээд эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал байгаль экологио зөвөөр хамгаалах боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн мод тарьж байгаа хүнээс самрыг нь, давирхайг нь аваад, үлдсэн хэсгийг нь барилга болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглаж чадвал экологийн зөв системтэй болно гэсэн үг.
БОУАӨЯ-аас “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль”-ийг санаачлан, УИХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байгаа. Энэ хүрээнд нүүрс хүчлийн хийн кредит буюу карбон кредитийг онцолж буй.
Тодруулбал, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа байгаль орчны нөлөөллийг бууруулах чиглэлээр буюу нүүрс хүчлийн хийг шингээх чиглэлээр ажиллавал түүнтэйгээ дүйцэхүйц кредит цуглуулна. Цуглуулсан кредитээ ашиглан тодорхой хэмжээний төлбөр төлөх, банкны зээлд хамрагдах, хөрөнгө оруулалтад ашиглах зэргээр хэрэглэх боломжтой. Үүнийг дэлхийн улс орнууд нэвтрүүлээд явж байгаа. Монгол Улсад одоогоор карбон кредитийн систем, хууль эрх зүйн орчин нь байхгүй тул яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэж чадвал эдийн засгийн эргэлтэд оруулах гол үндэс нь болно. Бизнес хийж болно гэхдээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн ажлаа давхар хийгээд явах үүргийг томоохон улс орнууд шаардаж байгаа. Энэ жишиг рүү манай улс ч явж байна” хэмээсэн юм.
Дэлхийн эдийн засгийн чуулганд Carbon Credit-д зориулсан бүхэл бүтэн өдөрлөг болж, энэ мэтчилэн чухал асуудлуудаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнүүлжээ.
