

ТЭЦ-4 дээр дөрөвдүгээр зуух доголдсонтой холбоотой Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа. Тэрээр "Өнөө орой оргил ачаалал давуулаад дөрөвдүгээр зуухыг засах ажил хийнэ. Оргил ачааллаа өнгөрөөгөөд 22 цагаас зогсооно. ТЭЦ-4-н зүгээс засварлахад 48 цаг шаардлагатай гэж буй. Бид аль болох богино хугацаанд засахыг хичээнэ. Сөрөг хүчний зүгээс Т.Доржханд сайд бид хоёрыг огцруулах шаардлага тавьж байгаа юм билээ. Чадлын дутагдалд орсон үед хязгаарлалт хийвэл олон нийт дургүйцэж л таарна. Сөрөг хүчний зүгээс улс төр хийхэд таатай нөхцөл бүрдсэнийг ойлгож байна. Гэхдээ би өөрийн ажлаа дүгнэхгүй.
Би 2022 оны наймдугаар сараас Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа. Намайг ажил авахад 1264 мегаватт зургаан станц холбоотой байсан. Үүнээс хойш 600 орчим мегаватт эрчим хүч нийлүүлсэн ч хэрэглээгээ гүйцэхгүй байна. Чадлын өсөлт жил бүр 13 хувьтай байна. Тиймээс ойрын жилүүдэд эрчим хүчний эх үүсвэрийг яаралтай нэмэх, түгээх дамжуулахад анхаарах хэрэгтэй. Ажиллаж байгаа 500 гаруй градустай зуух шүү дээ. Ачааллаа 50 хувиар бууруулж, ямар тоноглол дээр гэмтэл гарсныг илрүүлж засна гэсэн үг. Цахимгаан эрчим хүчинд 100 хүртэл мегаватт дутагдал үүсэхийг үгүйсгэхгүй. Хамгийн том сэдэв бол нэгэнт чадлын дутагдалд орсноос хөлдөлт үүсгэж болохгүй. Хөлдөлт үүсвэл бүр төвөгтэй байдалд орно. Хоёрдугаарт, хэрэглээг хязгаарлаж явахгүй бол систем тэг зогсолт хийх аюултай. Тэгвэл улсаараа эрчим хүчгүй болох аюултай" гэлээ.
