

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас тодрууллаа.
Тэрээр "Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг намрын чуулганы сүүлийн өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. ЕБС-д хүүхдүүд сурах гэж очоод эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш их гарч байгаа. Эрүүл саруул бие бялдар, оюун санаатай, эрдэм мэдлэгтэй залуу үе улс эх орны хөгжлийн гол тулгуур байх ёстой. Тиймээс сургуулийн орчин эрүүл, аюулгүй байдлыг хангасан байх ёстой.
Сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай анхдугаар хууль гурван бүлэгтэй.
Биеийн тамирын талбай дээр тоглож байгаад амь насаа алдсан харамсалтай тохиолдол ч гарсан. Биеийн тамирын заал стандартын шаардлага хангахгүй байна. Эрүүл, аюулгүй орчныг хангаагүй тохиолдолд хэн хариуцлага хүлээх юм бэ? Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд тодорхой зүйл заалтуудыг шингээж өгсөн. Мөн манай улсад шинээр баригдаж байгаа барилгууд стандартын шаардлага хангахгүй байна. Үүнээс үүдэлтэй зам тээврийн осол гарах, хүүхэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байна.
Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог хэрэгжүүлээд өндөр үр дүнтэй байсан. Гэвч одоо зогссон байна. Тиймээс сургуулийн орчны эрүүл, аюулгүй байдлыг хуульчилж өгөхгүй бол ямар дарга, сайд нар байгаагаас шалтгаалж тогтолцоо доголдож байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
