

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэн “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төр, орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг олшруулах, үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих зорилготой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд, ТХААГ-ын дарга Ц.Батзул, Зээлийн батлан даалтын сангийн захирал Б.Энхсайхан нар оролцов.



Тус үзэсгэлэнд 40 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож, чанар стандартын шаардлагаа хангасан тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр эрхлэгч, төрийн болон төрийн өмчит байгууллагууд, уул уурхайн томоохон компаниуд оролцож байна.





Тус үзэсгэлэн худалдаа нь анх 2019 онд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, үндэсний үйлдвэрлэлийг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ, ЖДҮГ, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Стандарт хэмжилзүйн газар, Зээлийн батлан даалтын сан, МҮХАҮТ, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв “НӨҮГ” хамтран зохион байгуулж буй.

Харин нөгөө талд төрийн бүх шатны байгууллага, уул уурхайн компаниуд 2026 онд хэрэгжүүлэх худалдан авалтын тендерээ олон нийтэд ил тод, нээлттэйгээр танилцуулж байна.
Ингэснээр төрийн байгууллагууд дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой бараа бүтээгдэхүүнтэй газар дээр нь танилцаж, хамтын ажиллагаа эхлүүлэх, гэрээ байгуулах нөхцөл бүрдэх юм.








