Б.Нарангоо
Ерөнхий редактор
Боловсрол
2026.01.27 19:11
858
ҮЭ-н шахалтаар багш нар нэмэгдлээ гүйцээж, үйлчилгээний ажилтнууд хуучин цалингаа авч болзошгүй


Өнгөрөгч намар багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавин ажилт хаялт зарласнаар Боловсролын яам болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МБШУҮЭХ/ хэлэлцээр хийж, 2026 оны нэгдүгээр сараас эхлэн боловсролын салбарын нийт багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувь нэмэх тохиролцоонд хүрсэн. 
Он гараад энэ салбарынхны эхний сарын урьдчилгаа хуучин цалингаар бодогдож орсон ч үлдэгдэл цалин дээр нэмэгдлийг олгоно гэсэн тайлбарыг холбогдох газрууд өгч байсан.
Төрийн байгууллагуудын “сүүл” цалин сар бүрийн 25-нд ордог ч боловсролын салбарынхны цалин одоо хүртэл ороогүй байна. Сангийн яам системээ шинэчлээгүй болохоор нэмэгдэл бүхий цалинг сургуулиудын нягтлан бодогч нар өөрсдөө нэг бүрчлэн гараар бодож, хугацаа алдаж байна гэсэн албан бус мэдээлэл гарч, энэ талаар Сангийн яам болон Боловсролын яамнаас тодруулах гэсэн ч тодорхой тайлбар өгөхөөс татгалзав.

Өнөөдөр /2026.02.27/ МБШУҮЭХ болон Боловсролын яамны төлөөлөл уулзах үед Үйлдвэрчний эвлэлийнхэн багш нарт ур чадвар, унаа, хоолны нэмэгдэл олгохыг шаардсанаар бусад ажилчдын цалинг нэмэхгүй байх хувилбар яригдаад эхэлж.

Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед 100 мянган ам бүлтэй энэ салбарын цалингийн санг арвижуулахын тулд бусад салбарын төсвийг танан байж, 620 тэрбум төгрөгийг нэмж тусгасан нь саяхан.

Энэ төсөвт нь тааруулж тооцоолсон цалингийн бүтцэд өөрчлөлт орохоор нэмэлт эх үүсвэр байхгүй учраас салбар дотор нь нэгээс нь авч, нөгөөд нь нэмэхэд хүрч байгаа юм байна.

Тэгэхээр цалингаа нэмэгдэнэ гэсэн хүлээлтэй байсан жижүүр, үйлчлэгч нарын өмнө хэн хариуцлага хүлээх вэ?