
Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарч, энэ сарын 20-ноос эрчим хүчний дутагдалд орж, цагийн хуваарийн дагуу тогны хязгаарлалт хийж, үүнд нь ажил амьдралаа зохицуулж хэвшлээ. Эхэндээ ч тогны хязгаарлалт хийхэд бүгд бухимдаж хүлээж авсан бол одоо хуваариа хүлээж, хуваарийн дагуу тасрахыг хүлээн зөвшөөрдөг болж. Хэдийгээр 1-2 цагийн тогны хязгаарлалт дулааны шугам сүлжээг хөлдөөхгүй гэсэн ч ХУД-ийн нэгэн сургуулийн паар хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн хөлдсөн гэх гомдол мэдээлэл ирсэн бол СХД, Баянхошуунд гурван цагаар тог хязгаарлах нь тогоор халаалтаа шийдсэн айл өрх, нялх хүүхэдтэй гэр бүлд томоохон асуудал болж байна. Иймээс иргэд хуваарийн дагуу таслахыг, цагтаа таслаад цагтаа таслахыг шаардаж эхэллээ. Нэгэнт эх үүсвэр дутагдалтай байгаагаас иргэд үүнийг хүлээн зөвшөөрч, 371,174 айл өрх, 46,691 аж ахуйн нэгж, нийт 417,865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалтад орлоо.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбараа өөд нь татаж, шинэ эх үүсвэр барьж, хуучин станцууддаа засвар шинэчлэл хийхгүй юу хийж байсан бэ гэх асуулт зүй ёсоор хөндөгдөнө. Энэ талаар АН-ын НБД А.Батпүрэв " 2016 онд эрчим хүчний тарифийн төлбөр нэг к/цаг нь 122 төгрөг байсан бол өнөөдөр 280 төгрөг болж 2.3 хувиар нэмэгдсэн. Үнэ нэмэгдсэн хэдий ч энэ үед станцуудын алдагдал 1.2 их наяд төгрөг болж, улсын төсвөөс олгож байна. 1.5 их наяд төгрөгийн гадаадын зээл тусламжийг энэ салбарт оруулсан. Эрчим хүчний салбарт ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн ч дарга нарын тансаг хаус, машин болж байгаа нь тод харагдаж байна. Энэ бол нэр бүхий цөөн хүний асуудал биш" гэлээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Төсөв батлагдах үеэр эрчим хүчний салбараас тодорхой төсөв хасагдсан. 9-р зуухны ТЭЗҮ хийгдсэн байгаа 90 сая орчим ам.доллар шаардлагатай. Улсын төсөвт өнгөрсөн жилүүдэд суулгах гээд төсвийн орон зай байхгүй дийлэхгүй байна. Жишээ болгон хэлэхэд 660 мегаватт хүчин чадалтай эрчим хүчний станц барихад 1.1 тэрбум ам.доллар эх үүсвэр шаардлагатай. 4 орчим их наяд гэсэн үг. Манай нэгдсэн төсвийн нийт хөрөнгө оруулалт 3 их наяд. Тэгэхээр төсвийн мөнгөөр эх үүсвэр гаргаж, эрчим хүч барина гэдэг их төвөгтэй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хайж хөөцөлдөж байж хэдэн төслүүдийг явуулж байгаа" гэлээ.
Улсын төсөв эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төсвлийг даахгүй гэж байгаа ч Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарыг 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээнээс 2.6 сая ам.доллар завшсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдож буй. Мөн өндөр албан тушалатны гэрээс нэг тэрбум төгрөг бэлнээр гарч ирсэн гэх мэдээлэл ч бий. Энэ нь төсвийн хуваарилалт зөв байсан эсэхийг, салбартаа орох байсан хөрөнгө оруулалт хэний халаас руу урсч буйг бэлхнээ нотолж байна.
Улсаасаа хулгайлсан тансаг хаусандаа лаа бариад суух үед ямархан бодол толгойд нь ордог юм бол? Өнөөдөр гэхэд зургаан дүүрэгт нэгдсэн сүлжээний нийт 1700 мегаватт эрчим хүч өдрийн гурван удаагийн хязгаарлалтаар тог таслахаа ДҮТ-өөс мэдээллээ.
