

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс үүссэн нөхцөл байдал хэзээ хэвийн болох талаар тодрууллаа. Тэрээр: Өвлийн оргил ачааллыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцид найдан, хязгаарлахгүй гэж тооцоолж байсан. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан хувийн хэвшлээ би шүүмжилж чадахгүй. Эрчим хүчний салбарт үүссэн асуудал нэг өдрийн дотор бий болоогүй. Хамгийн сүүлд 1984 онд ТЭЦ-4 ашиглалтад орсон. Хэрэглээний өсөлтийг тооцож, эрчим хүчний эх үүсвэрийг ашиглалтад оруулаагүйгээс л ийм асуудал үүссэн.
Цахилгааны үнэ нэмснээр 546 тэрбум төгрөгийн нэмэлт орлого 2025 онд орсон. Эхний ээлжид 107 тэрбум төгрөгийг Багануур, Шивээовоо, шарын голын уурхайд шилжүүлсэн. Учир нь нүүрсийг олборлосон өртгөөс бага үнээр авч байсан учраас. Үүний дараа төмөр замын тээвэр мөн алдагдалтай байсныг 10 гаруй тэрбум төгрөгөөр алдагдалгүй болгож өгсөн.
Уурхай, төмөр замыг эхний ээлжид алдагдалгүй болгох зарчим барьсан. Эрчим хүчний салбар алдагдалгйү болох нь дараагийн хоёр, гуравдугаар шатны алхам байсан. 2022 оноос хойш эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байснаас цалин нэмж чадахгүй олон инженер ажлаас гарч байсан. Иймээс тоноглолуудыг бэлэн байлгахад 77 тэрбум 2025 онд зарцуулсан.
Тог хязгаарласнаас үүдэж иргэн, ААН-д үүссэн хохирлыг хэн төлөх хууль, эрх зүйн зохицуулалт алга байна. Эрчим хүчний салбар өөрөө давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан. Хэрэглэгчдийн хэрэглээ огцом нэмэгдсэнээс үүдэн ийм хүндрэл үүст, системээ аварч үлдэхийн тулд чадлыг хязгаарлахаас өөр аргагүй байдал үүсээд байна" гэлээ.
