

БШУ-ны ҮЭХ-ны ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрах оролцлоо.
-Өнгөрсөн онд багш нар цалингаа нэмүүлэхийг шаардан жагсаж, ажил хаялт зарласан. Ингэснээр хэлэлцээрийн ширээний ард суусан. Гэхдээ тус хэлэлцээртэй холбоотой олон асуудлууд хөндөгдөөд гараад ирлээ. Тус асуудлын талаар тодруулъя
-2024-2026 оны хамтын хэлэлцээрийг байгуулсан. Хамтын хэлэлцээртэй холбоотой 2024 оноос эхлэн цалин хөлс нэмэгдүүлэх, багшийн нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг маш олон тулгамдсан асуудлаа энэ хэлэлцээрт тусгасан байдаг. Үүний хүрээнд багш нарын 8-р их хурлыг 2024 оны 4-р сард Боловсролын яамтай хамтран зохион байгуулж, нийгмийн асуудлуудыг хөндсөн тодорхой тогтоол, шийдвэрүүд гарсан. Ингэснээр багшийн гурван тулгуурт бодлого, багшийн нийгмийн асуудал, цалин хөлс, ур чадвар мэргэжлийн хөгжилтэй холбоотой бодлогыг бодлогоор боловсролын яам хэрэгжүүлэхээр ЗГ-аас тогтоол гаргахаар явж байгаа.
2025 онд нийт төрийн албан хаагчийн цалин хөлс зургаан хувиар өссөн. Мөн боловсролын байгууллагын ажилчдад унаа хоолны мөнгийг хэлэлцээрт тусгаж олгож эхэлсэн.
2026 оны төсөв хэлэлцэгдэх үед боловсролын салбарын багш, ажилчдын цалин нэг төгрөгөөр нэмэгдэх ч төсөв байгаагүй. Тийм учраас дээрх асуудлаар бид холбогдох бүх шатанд хүргэж ажилласан. Ингэснээр тэмцэл хөдөлгөөн өрнүүлсэн. Ажлын 13 хоногийн хугацаанд ажил хаялт зарласан. Боловсролын салбарын 700 гаруй байгууллагын 40 мянга гаруй багш нар нэгдэж энэ том ажил хаялтыг зохион байгуулсан. Үүний үр дүнд хамтын хэлэлцээр хийсэн. Хамтын хэлэлцээрийг тухайн нөхцөл байдалдаа тохирсон хамгийн сайн хувилбараар хийж чадсан.
Хамгийн чухал заалтуудаас дурдвал, багш ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх, 11-р сараас 2.8 сая төгрөг болгох гэдэг хэлэлцээрийг хийсэн. Хоёрт, боловсролын салбарын төсөв улсын төсвийн 20-оос доошгүй хувь байна. ДНБ-ийг 6-аас доошгүй хувь байхаар хэлэлцээрт тусгасан. Гэтэл өнөөдөр ДНБ 5.2 хувьд ч хүрэхгүй, улсын төсвийн 16 хувьд байгаа нь боловсролын яам хэлэлцээрээ биелүүлж чадахгүй байна гэдэг асуудлыг тавьж байгаа.
Гуравт, Салбарын сайд солигдох бүртээ шинэчлэлт, өөрчлөлтийн тухай ярьдаг. Энэ хүрээнд багшийн үндсэн цалин буюу цалингийн бүтцийг өөрчилнө гэх асуудал яригдсан. Хэрэв цалингийн бүтэцтэй холбоотой асуудал гарах юм бол ҮЭ-ийн байгууллагатай заавал зөвшилцөж шийдвэрлэнэ гэдэг агуулгыг хүртэл хийсэн байгаа.
-Салбарын сайд өчигдөр хийсэн мэдээлэлдээ цалингийн бүтэц буруу байна. Цалин 50 хувь, нэмэгдэл нь 50 хувь байгаа. Цалингийн бүтцийг зөв болгохын тулд ур чадвар, хоол унааны нэмэгдлийг үндсэн цалинд шингээх шаардлагатай гэх мэдээлэл хийсэн. Мөн унаа, хоолны мөнгө өгөх хуулийн заалт байхгүй гэсэн. Энэ талаар багш нар ямар байр суурьтай байгаа вэ
-Цалингийн бүтцийн асуудлыг цалин нэмэх хөдөлгөөнтэй холбоотойгоор боловсролын сайд өөрийнхөө зохиосон нэрлэсэн гэх нэр томьёоллыг гаргаж ярьж эхэлсэн. Хөдөлмөрийн хуульд ч цалин хөлсийг юу юу гэж ангилдаг гэдгийг товч тодорхой заагаад өгсөн байгаа. Хэзээ ч нэрлэсэн үндсэн цалин гэсэн тусгайлсан зүйл байхгүй.
Цалингийн бүтцийг нэг сайд гарч ирээд ямар ч тооцоо судалгаагүйгээр өөрчилж шинэчилдэггүй. Ийм асуудал боловсролын салбарын сүүлийн 30 жилд гараагүй.
Өнөөдөр боловсролын салбарт хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг 2020 оноос хойш хийгээгүй. 2020 онд ковидын үед 7 мэргэжил дээр улсын хэмжээнд 32 багшид хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн. Үүнийг 2023 онд хийлгэх гэсэн боловч төсвөө тануулсан нэрийдлээр хийгдээгүй.
-Өчигдөр шаардах бичиг хүргүүлсэн. Эцэг эхчүүдийн хувьд ахиад ажил хаялт зарлах вий гэх гэх эмээлт үүсээд байна.
-Бид Ерөнхий сайд болон холбогдох сайд нарт шаардах бичиг хүргүүлсэн.
Бид бүхэн өнгөрсөн онд 13 хоногийн хугацаанд хүүхдийн сурч боловсрох эрхийг дэнчин тавьж бид өөрсдийн эрх ашгийг хамгаалсан.
Одоо элсэлтийн ерөнхий шалгалттай, төгсөх ангийн хүүхдүүд шалгалт өгнө. Багш нар бас хүн. Тиймээс хүүхдүүдээ бодож байна. Энэ асуудлыг зөвшилцлийн, хэлэлцээрийн замаар хурдан хугацаанд шийдэхгүй бол тэмцэхээс өөр аргагүй. Тэмцэл гэдэг нь зөвхөн ажил хаях биш. Тэмцлийн олон хэлбэрүүд байна. Тэдгээрийг бид хийж хэрэгжүүлнэ гэсэн үг.
Шууд дамжуулалт:
