

Ардчилсан Намаас Пүрэв гараг бүр зохион байгуулдаг “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурал боллоо. Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгалан "2016 оноос хойш эрх баригчид нийт 170 гаруй их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулсан байна. Үүнээс сүүлийн гурван жилийн хугацаанд 70 гаруй их наяд төгрөг зарцуулж. Гэвч нэг ч цахилгаан станцыг ашиглалтад оруулалгүйгээр өвлийг ард түмнийхээ нуруунд үүрүүлж байгаа нь зохисгүй үйлдэл юм.
Их хэмжээний төсөв захиран зарцуулж байгаа хэр нь нийгэм, эдийн засагт бодит өөрчлөлт гарахгүй байгаа энэ үед төрийн удам данхайлгаж, дэд сайдтай болсон. Энэ асуудлыг эргэн харахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавиад байгаа.
Мөн цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт, хүндрэл учирч байгаа тул УИХ-ын гишүүн Ө.Шижир Шадар сайд болон Эрчим хүчний сайдад хариуцлага тооцох асуудлыг санаачилж, гишүүдээр гарын үсэг зуруулж байна. Засгийн газар ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэхгүй бол АН‑ын зүгээс УИХ дахь гишүүдийнхээ байр суурийг дэмжиж улс төрийн дэмжлэг үзүүлж, Засгийн газарт хариуцлага тооцох акцыг үндэсний хэмжээнд өрнүүлэх болно.
Эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоогоор Ерөнхий сайдын зүгээс Б.Чойжилсүрэн сайдад 100 хоногийн хугацаатай үүрэг өгсөн гэдэг мэдээлэл цацагдсан. Гэтэл 2022 оноос хойш хоёр парламент, гурван Засгийн газар дамжин ажилласан Эрчим хүчний сайдаас бид ямар нэгэн бодит үр дүн хүлээх шаардлагагүй.
Утаа, агаарын бохирдлыг салхинд даатгадаг сайд 100 хоногийн дотор асуудлыг шийднэ гэдэг ард түмнийг хуурч, тайвшруулж байгаа л хэрэг. 100 хоногийн дараа гэхэд орон сууцны дулааныг зогсоодог хугацаатай бараг давхцаж байгаа. Тэр үед эрчим хүчний оргил ачаалал буурсан байна. 100 хоног гэдэг бол цаг хожиж, ард түмнийг хуурч байгаа хэрэг юм" гэв.
