Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
143
Авлигатай тэмцэх газрын редакцын уулзалт Mass.mn сайтаас эхэллээ

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг, АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт нар Mass.mn сайтын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр сэтгүүлчид АТГ-ын үйл ажиллагаа болон төсвийн талаар тодруулж, Авлигатай тэмцэх газрын талаарх мэдээллийг сонссон юм.

2024 онд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2007 онтой харьцуулахад 15.3 дахин өссөн үзүүлэлттэй байгааг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг онцоллоо.   

-АТГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?

Авлигатай тэмцэх газар нь 2007 оны нэгдүгээр сарын 11-ээс хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо 7 хэлтэс, 12 албатайгаар, 252 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигыг таслан зогсоох, шударга ёсны тогтолцоог бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд нийт 12518 эрүүгийн хэргийг шалгаж, 1256 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд нийт 3.4 их наядын хохирлыг нөхөн төлүүлээд байна.

- Авлигатай тэмцэхэд эрх зүйн орчин ямар байдаг вэ?

Манай улсад 1996 онд Авилгалын эсрэг хууль батлагдсан. Түүнээс хойш авлигатай тэмцэх гурав дахь үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна.

Төрөөс авлигатай тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, авлигатай тэмцэх байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг шат дараатай авч ирсэн. УИХ-аас 2006 онд баталсан Авлигын эсрэг хууль, 2012 онд баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.

-Төрийн албан хаагчдын Хөрөнгө орлогын мэдүүлгийг ямар давтамжтай шинэчилдэг вэ?

Авлигын эсрэг хууль, тогтоомжийн дагуу албан тушаалтнаас гаргах мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах үйл ажиллагаа, мөн мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын маягт, мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг жил бүр шинэчлэн баталдаг. Жил бүрийн хоёрдугаар сарын 15 дотор ХОМ-ыг шинэчилдэг.

- АТГ-т ирсэн гомдол бүрийг шалгадаг уу?

Тиймээ. Авлигатай тэмцэх газар ирсэн бүх мэдээллийг прокурор бүртгэж авч шалгадаг. Мөн 110 утсанд өдөр бүр дуудлага ирдэг. 

- Авлигыг мэдээлэх 110 утсанд хэр их дуудлага ирдэг вэ?

Авлигыг мэдээлэх 110 утсанд өдөрт 100-120 дуудлага бүртгэгддэг. Авлигатай тэмцэхэд иргэд, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал нөлөөтэй. 

Сүүлийн 5 жилийн байдлаар жилд дунджаар 2815 гомдол, мэдээлэл хүлээн авч, хянан шийдвэрлэсэн бөгөөд 2020 онтой харьцуулбал өргөдөл, гомдол, мэдээлэл 1.3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

-Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар оролцоотой вэ?

Авлигын эсрэг хуулийн 5.1.6-д Хэвлэл мэдээллийн байгууллага авлигын аливаа хэлбэрийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйн орчинг төлөвшүүлэхэд нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогыг чиглүүлэх, энэ талаар байнга мэдээлэл сурталчилгаа явуулах үүрэгтэй хэмээн заасан байдаг.

Хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал. Тиймээс иргэдэд үнэн бодит мэдээллийг цаг алдахгүй хүргэх чухал" гэлээ.