

Олон жил яригдсан ч ажил хэрэг болж өгдөггүй атомын цахилгаан станцын талаар Засгийн газрын тэргүүн амралтын энэ өдөр ам нээсэн нь анхаарал татав. Бага чадлын атомын цахилгаан станцын үр ашгийн тооцооллыг гаргахаар болжээ. Энэ бол салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн олон жилийн мөрөөдөл юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цэгцрэх хөдөлгөөн" подкастын 2 дахь дугаарт эрчим хүчний аюулгүй байдлын талаар Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх талаар байр сууриа илэрхийлэхдээ ингэж ярьсан байна. Ерөнхий сайд Монгол Улсад бага чадлын атомын цахилгаан станц барих үр ашгийн тооцоолол хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, өндөр үр ашигтай байх зарчимд суурилах ажээ.
Казахстан улс зөвлөлдөх ардчиллын зарчмаар иргэдээсээ санал асуулга явуулж атомын цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжүүлсэн бодит туршлага байдаг. Олон нийтэд мэдлэг, зөв мэдээлэл өгөх нь нэн чухлыг ч гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолсон байна.
