m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийслэл
2026.02.02 16:25
158
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 158 га талбайд 2206 нэгж талбарт газар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн явц 94.2 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн талбаруудад газар чөлөөлөн, барилга, байгууламжийг буулгаж, цэвэрлэх, ариутгах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Тодруулбал, 30 нэгж талбарт айл өрх, 25 нэгж талбарт 18 томоохон объектыг буулгаж, нураах ажлыг үе шаттайгаар эхлүүлж байгаа юм.

Энэ талаар “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Галсанпунцаг “Өнгөрсөн онд манай байгууллагаас “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 148 нэгж талбарыг буулгаж, цэвэрлэн хүлээлгэн өгсөн. Энэ оны хувьд өндөр төвөгшилтэй 25 нэгж талбарын 18 томоохон объектыг буулгаж, нураах ажлыг өнөөдрөөс эхэллээ. График төлөвлөгөөний дагуу уг ажлыг зургаадугаар сарын 1-нд дуусган, хүлээлгэж өгөхөөр төлөвлөж буй. Энэ хүрээнд 15 орчим тусгай зориулалтын тоног төхөөрөмж, 20-30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна” гэв.

Үүнтэй холбоотойгоор 6, 7 буудал орчмын оршин суугчид болон энэ чиглэлд зорчиж буй иргэд та бүхнийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын дарга Ш.Ганзориг уриаллаа.