Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2026.02.02 17:36
174
“Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож байна

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг.

Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулж байна. Өнөөдөр /2026.02.02/ үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэллээ.

Мөн Хотын дарга Х.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Д.Ундармаа нар оролцлоо.

Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий . Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг байна. Тиймээс энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулж байна.

ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд үйлдвэрийн үнийг санал болгох юм.

Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар бизнес эрхлэгчид нийт 54.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиласан байна.