

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэний хүү Э.Очир: 2024 оны 1-р сарын 23-24нд шилжих шөнө дүнжингаравын уулзварт газ дэлбэрч үүнээс үүдэн иргэд орон сууц эд хөрөнгөөрөө хохирч, иргэд амиа алдсан. Тус асуудалд хайртай дотны гэр бүлийн гишүүнээ алдсан бид их хүлээцтэй хандсан. 2 жилийн ойгоор нь буюу энэ оны 1-р сарын 26нд хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн. Бидний зүгээс ялгаварлан гадуурхалт явагдаж байна гэж үзэж байгаа. Бид 207 байрны оршин суугчидтай барьцаагүй.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй байтал 2, 3 дах хэрэгцээ болсон орон сууцыг шийдэж өгчхөөд амь насаа, хайртай хүмүүсээ алдсан хүмүүсийн ар гэрийг яагаад ялгаварлан гадуурхаж байгаа юм бэ.
Шаардлагынхаа хариуг 1-р сарын 31нд авах тов гаргасан байсан ч одоог хүртэл бидэнд ямар ч мэдэгдэл ирээгүй. Тиймээс өнөөдөр шаардлагынхаа хариуг авахын тулд төрийн ордны гадна мэдээлэл хийж байна. Миний аав Төмөрийн Эрдэнэбаатар тухайн газар зорчиж явахдаа амиа алдсан.
Тэр шөнө болсон үйл явдал энгийн нэг авто осол биш. Гамшгийн хэмжээний асуудал гарсан.
2025 оны 4-р сард анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болсон. Дашваанжилын захирал одоо бурхан болсон хүнийг болон жолооч нарыг яллагдагчаар татсан байсан. Ингээд хэргийг дахин мөрдөн байцаалт руу шилжүүлсэн. Одоог хүртэл мөрдөн байцаалт явагдаж байгаа гэж бодож байгаа. Энэ 2 жилийн хугацаанд бидэнд ингэлээ тэглээ гэж ямар ч мэдээлэл өгөөгүй. Мөрдөн байцаагчтай нь ярьж үзсэн.
Дүгнэлт дээр гарын үсэг зур, зурахгүй бол сэтгэцэд учирсан хохирлыг чинь дүгнэхгүй гэж ярьсан. Хамгийн сүүлд ярихад прокурор руу шилжүүлэх гэж байгаа гэсэн.
2 жилийн хугацаа өнгөрсөн байхад хэн нэгэн бид нараас уучлал гуйгаагүй. 207-р байрыг нураагаад ахин барих гэж байна. Бид ялгаварлан гадуурхалтад өртөж ахин сэтгэл санаагаараа хохирч байна.
7 иргэн амиа алдсан гэдгийг мартсан юм шиг биднийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа.
Шууд дамжуулалт:
