m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрэн сурвалжлах
2026.02.04 14:46
168
Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина

Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журмыг журмын төслийг хэлэлцэн баталлаа. 

Журам батлагдсанаар импортлох, экспортлох согтууруулах ундаанд тавих чанар, аюулгүй байдлын шаардлага тодорхой болж, хил дээрх хяналт, дээжлэлт, шинжилгээ, мэдээлэл солилцооны уялдаа сайжирч, давхардал буурч,  хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үр нөлөө нэмэгдэнэ гэж үзэж байна.

Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ. Ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгалаа. 

Яруу найрагч Р.Чойномын алдар нэрийг сэргээн, алдаршуулж мөнхжүүлэх ажил 1990-ээд оноос өрнөж, түүний зохиосон шүлгийн түүврийг эмхэтгэн “Сүмтэй будрын чулуу” нэрээр хэвлэж, түүнээс хойш “Хориотой модны жимс”, “Буриад найраглал”, орос хэлнээс орчуулсан “Кавказ бүсгүй” зэрэг ном бүтээлийг хэвлүүлж олон нийтэд түгээжээ. Мөн түүний өв санг хадгалж хамгаалах, сурталчлах зорилготой “Өд сан” байгуулагдаж, оюутан залуучуудын дунд “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадам зохион байгуулагдаж,  жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмын үеэр нэрэмжит шагнал гардуулж байна. 

Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно

Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд олгохоор шийдвэрлэлээ. Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Энхбатын Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.

Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.