m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2026.02.04 17:06
143
"Эрдэнэс оюутолгой"-н дараагийн томилгоог улс төрөөс ангид хийх шаардлагатай

“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний хүчинтэй хугацаа талдаа орж, үйлдвэрлэлийн үе шатандаа шилжин орж байна. Стратегийн орд газрын алтан үе ирж байгаатай зэрэгцэн Алт-зэсний “Оюу Толгой” хамтарсан үйлдвэрийн гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах үүргийг ЗГ-аас “Эрдэнэс монгол” компанид өгөөд буй.

Төрийн эзэмшлийн төлөөллийг хэрэгжүүлэх, ногдол ашгийг наашлуулах, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хэвээр хадгалах цаашдын бодлого, чиг үүргийг тодорхойлоход гүйцэтгэх захирал өндөр нөлөөтэй. Гэвч одоо чөлөөлөгдөх гэж буй захирал Э.Ганхүү өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх захирлын шалгуурт "тэнцэхгүй" гэх шүүмжлэлд нэлээдгүй өртөж ирсэн.

Даарин дээр давс гэгчээр  “Оюутолгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын зарцуулалт, 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан гэх шалтгаанаар "Оюутолгой"-н сонсголын үеэр 48 цагийн турш саатуулан шалгасан бол одоо гадуур шалгагдаж байна.

"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ны гүйцэтгэх захиралд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтыг өрсөлдэхүйцээр, улс төрийн томилгоогүйгээр, ил тод, шудрагаар явуулах нь юу юунаас чухал.  Оюутолгой сонсголоос гүйцэтгэх захирал хэн байх нь чухал бөгөөд ямархуу чадвартай хүн томилогдох ёстой гэх босго нэгэнт тогтсон нь тодорхой. Нэгдүгээрт, олон улсын стратегийн  уул уурхан компани учраас англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байхыг шаардах нь зүй ёсны. 

Хоёрдугаарт, бодлогын болон стратегийн түвшний сэтгэгч бөгөөд туршлагатай байхыг шаардах эрхтэй. Тухайлбал нөхцөл байдлын шинжилгээ хийх, одоогийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, стратегийн ордод төрөөс баримтлах урт, дунд, богино хугацааны бодлогын шийдэлд уялдуулж стратеги төлөвлөгөө,  даалгавар хувилбарууд боловсруулах,өмнө нь үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр эсвэл олон улсын төсөл хөтөлбөрт удирдах алба хашиж байсан туршлагатай байх

Гуравт, Хамт олноо удирдан манлайлах, оролцогч талуудын оролцоог хангах, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд аваачих, багаар ажиллах болон харилцаа ёсзүйн өндөр ур чадвартай байх

Дөрөвт, алт-зэсний "Оюу толгойн" ордын гэрээний үлдсэн хугацаа буюу шинэ төлөв байдалд уялдуулсан баримтлах чиглэл, бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн удирдлага зохион байгуулалтыг нарийвчлан боловсруулах, засаглал, боловсон хүчнийг олон улсын түвшинд дүйцэхүйц хүргэх чадвартай байх.