Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2026.02.05 19:00
230
Б.Баярсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэх нь хүүхдийн эрхийг зөрчинө

Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэх талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин танилцуулсан. Ингэснээр үе тэнгийн дээрэлхэлт тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа гэв. Харин хүний эрхээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд үүнийг хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй хэлбэр гэж үзэж байгаа юм. Уг асуудлын хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайханаас тодрууллаа.

Тэрээр “Боловсролын яам боловсролын салбарын бодлогыг зангидах төв байгууллага. Боловсролын яам үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа учраас Нийслэлээс энэ асуудлыг санаачилж байж болох юм. Миний хувьд энэ шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа.

Учир нь хүүхдийг сайн зан чанартай болгох тал дээр юу ч хийгээгүй. Нэгийгээ дээрэлхэж болохгүй гэдгийг ойлгуулах ямар ч ажил хийгээгүй байж гэнэн томоогүй хүүхэд насанд гаргасан санаатай болон санаандгүй алдааг хар толбо болгон хувийн хэрэгт нь бичих буруу. Хүүхдийг шийтгэх бодлогыг баримтлах биш гэр бүлийн орчинд нь анхаарч, нийгмийг соён гэгээрүүлэх чухал.

Өнөөдөр манай улсад гэр бүлийн орчин ямар байгаа вэ? Хүүхэд гэр бүлийн орчинд хайр халамж авч чадаж байгаа юу гэдгийг анхаарах ёстой. Хүүхдүүд цахим орчноос маш их үлгэр дуурайл авч байгаа.

Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Боловсролын ерөнхий хуулийн зорилгод “Сайн зан чанартай, ёс суртахуунтай иргэн бэлдэнэ” гэдэг зорилгыг тусгуулсан. Гэтэл энэ хууль гурван жилийн хугацаанд огт хэрэгжихгүй байгаа.

Багш нар наймдугаар их хурлаар “Бид нар хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэхээс илүү эцэг эхчүүдийг хүмүүжүүлэх гэдэг асар том ажилтай нүүр тулж байна. Хүүхдүүдээ зөвхөн багшид даатгах биш эцэг эхчүүд үүргээ биелүүлэх чухал” гэдгийг хэлж байсан. Хүүхэд бол гэр бүлийн толь юм. Тиймээс эцэг эхчүүдийг, нийгмийг соён гэгээрүүлэхэд анхаарах чухал” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: