Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.02.06 10:03
164
“Зөв хэрэглэж-зөндөө хэмнэе" аян үргэлжилж байна
Эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэх түүнийг олон нийтэд сурталчлан таниулах, зөв дадал хэвшлийг бий болгох замаар дутагдаад буй эх үүсвэрийн хүчин чадлыг хэмнэлтээр нөхөх Эрчим хүчний сайдын 2023 оны А/51 тушаал, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос “Нийгмийн нөлөөллийн аян”-ыг жил бүрийн өвлийн оргил ачааллын хугацаанд хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Нийгмийн нөлөөллийн аян”-ы 2025-2026 оны өвлийн оргил ачааллын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд эрчим хүчний хэмнэлт, хэрэглээний соёл, зүй зохистой дадал хэвшлийг хүүхэд багачуудад ойлгуулах, тэдэнд хэвшүүлэх зорилгын хүрээнд “Зөв хэрэглэж зөндөө хэмнэе” аяныг зохион байгуулахаар тусгасан.
“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аяныг Эрчим хүчний зохицуулах хороо нь Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд ГОУХАН-ийн “Улаанбаатар хотын орон сууцны барилгын засвар шинэчлэлийн эрчим хүчний хэмнэлттэй гүйцэтгэлийн гэрээ байгуулах нь” төслийн нэгж болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
“Зөв хэрэглэж зөндөө хэмнэе” аяны шалгаруулалт гурван үе шаттайгаар явагдах бөгөөд Нэгдүгээр шат 2025 оны 11 дүгээр сард нийслэлийн ерөнхий боловсролын нийт 162 сургууль тус бүр дээр зохиогдсон бол Хоёрдугаар шат буюу дүүрэг тус бүрийн хэмжээнд энэ сарын 2-ноос 6-ны өдрийг хүртэл явагдана. Тус шатанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 84 сургуулийн 840 сурагч оролцож байна.
Харин сүүлийн буюу Гуравдугаар шатны шалгаруулалт 2 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдах ба үүнд дүүрэг тус бүрээс шалгарсан нийт 17 сургуулийн баг өрсөлдөж эцсийн дүнгээ гаргах юм.
Цаашид аймгуудын Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Боловсролын газар, тухайн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран аймаг тус бүрд “Зөв хэрэглэж зөндөө хэмнэе” аяныг зохион байгуулж, тус аяны цар хүрээг өргөтгөн улсын хэмжээнд жил бүр нэгдсэн зохион байгуулалтайгаар явуулахаар төлөвлөж байна.