

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт Барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нарыг гадны компанийн мөнгийг завшсан гэх асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжиан Шинфа" ХХК-ийн барьсан Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуур хүртэлх 135.5 км замын төслийг гүйцэтгэсэн юм. Гэвч энэ төслийн санхүүжилт болох 260 гаруй тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компани бус УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн эзэмшлийн "Хос мөнгөн зам" ХХК руу шилжүүлэн авч, хятад компанийг залилсан байж болзошгүй аж. Үүнийг сэтгүүлч С.Будрагчаагийн "НУУЦ МАТЕРИАЛУУД" нэвтрүүлэг ил болгосон байна.
Уг асуудлыг тодруулбал, 2015 онд Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуур хүртэлх 135.5 км замыг 86.5 сая долларын өртөгтэй барих концессийн гэрээг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн эзэмшил бүхий “Хос мөнгөн зам” ХХК, Засгийн газартай байгуулжээ. Туслан гүйцэтгэгчээр "Шинжиан Шинфа" ХХК-ийг орохыг урьж, төсөл эхэлсэн байна.
Гэрээнд 2019 онд замын ажлыг дуусгаж хүлээлгэж өгнө,.Санхүүжилтийн хувьд 60 хувь буюу 51.9 сая долларыг 2020 оны 1-р улиралд, үлдсэн 40 хувь буюу 34.9 сая долларыг 2021 оны 1-р улиралд шилжүүлнэ гэж тусгажээ.
Энэ төсөлд “Хос мөнгөн зам” ХХК 4 хувийн хөрөнгө оруулалт оруулж, "Шинжиан Шинфа" ХХК 96 хувиа өөрсдөө гаргасан аж.
2019 оны 10 дугаар сарын 11-нд баруун чиглэлийн гол тэнхлэг болсон 135.5 км замыг Монгол Улс хүлээн авсан ч санхүүжилтийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгааг гүйцэтгэгч компанийн захирал Сун Гуанчен ярилаа.
"Шинжиан Шинфа" ХХК дампуурахад ойрхон байгаагаа дурдаж, асуудлыг шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүсэв. Сайд дарга нар давуу байдлаа ашиглаж гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож байгаа явдал олны анхаарлыг татаж байна.
