

"Шинжиан Шинфа" гэх БНХАУ-ын компанийн барьсан 135.5 км замын төлбөрийг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн хамаарал бүхий "Хос мөнгөн зам" ХХК руу шилжүүлэн авсан гэх асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж буй. Уг асуудал УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт Барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нарт хамааралтай гэдгийг баримт нотолж байна.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаярын гарын үсэгтэй, нийт 6.800.000.000 /зургаан тэрбум найман зуун сая/ төгрөгийн дүн бүхий зургаан удаагийн гүйлгээ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүүгийн эхнэр Э.Энхмаагийн “Би Эй Ти девелопмент партнерс” компанийн данс руу шилжүүлсэн баримт ил болов.

Гэтэл УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Миний нэр хүндэд халдсан албан бус мэдээлэл явж байна. Б.Пунсалмаа гишүүнтэй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй” хэмээн мэдээлэл өгсөн юм.
Тэгвэл уг асуудлыг Нийслэлийн прокурорын газраас тодруулахад “Авто зам барих гэрээгээр тохиролцсон 62 сая ам.доллароо бусдад залилуулсан” гэсэн гомдлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” XXK-ийн захирал С.Г 2023 оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад ирүүлсэн.
Гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны арванхоёрдугаар сарын 12-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хаах саналыг мөрдөгч гурван удаа прокурорт ирүүлсэн байдаг. 2025 оны есдүгээр сард “гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, эд хөрөнгийн маргаан” гэж үзэн, хэргийг хааж шийдвэрлэсэн” гэв.
2019 онд 135.5 км замын ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэж өгсөн компани өнөөдрийг хүртэл төлбөрөө аваагүй, хохирч үлдэж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг монголоос дайжуулж байна.
