m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрэн сурвалжлах
2026.02.11 17:34
248
Э.Бат-Амгалан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаасаа өмнө өөрийнхөө гэм буруугүйг нотол!

Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын гадаадын хөрөнгө оруулалттай компанийг залилсан байж болзошгүй хэргийн баримт ил болоод буй. Тодруулбал, 2021 онд УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн хамаарал бүхий "Хос мөнгөн зам" ХХК-иас Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаярын эхнэр Э.Энхмаагийн эзэмшлийн “Би эи ти девелопмент партнерс” ХХК руу нэг жилийн дотор гэхэд 6.8 тэрбум төгрөгийн дансаар болон бэлнээр шилжүүлсэн баримт нэгэнт ил болсон. Энэ мөнгө харин бохир мөнгө болохыг залилуулж, замын ажлыг хариуцан хийсэн БНХАУ-ын хохирогч иргэн мэдээлээд буй юм. 

Тодруулвал, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаярын эзэмшлийн "Хос мөнгөн зам" ХХК Засгийн газартай концессийн гэрээ байгуулж, Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуур хүртэлх 135.5 км замыг барихаар болсон. Ингэхдээ "Хос мөнгөн зам" ХХК гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-тай гэрээ байгуулж ажилласан. Замыг хүлээж аваад ЗГ-аас төлбөрөө авсан ч гүйцэтгэгч компанидаа мөнгөө шилжүүлээгүй гэх асуудал үүссэн юм. 

Тэгвэл уг асуудлыг Нийслэлийн прокурорын газраас тодруулахад “Авто зам барих гэрээгээр тохиролцсон 62 сая ам.доллароо бусдад залилуулсан” гэсэн гомдлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” XXK-ийн захирал С.Г 2023 оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны арванхоёрдугаар сарын 12-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хаах саналыг мөрдөгч гурван удаа прокурорт ирүүлсэн байдаг. 2025 оны есдүгээр сард “гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, эд хөрөнгийн маргаан” гэж үзэн, хэргийг хааж шийдвэрлэсэн” гэв. "Шинжиан шинфа" ХХК цагдаагийн байгууллагад удаа дараа хандсан ч хаагдсаар ирсэн гэдгийг компанийн зүгээс онцлоод буй.  Тэгвэл үүнд нэр холбогдоод буй Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаас өнөөдөр тодруулахад тэрээр үгүйсгээгүй ч "Дүүгээс нь, компаниас нь тодруул, мөн нэр төрөө сэргээлгэж шүүхэд хандана" хэмээв. 

Зүй нь Э.Бат-Амгалан би буруугүй гэж "хашгирч" нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаасаа өмнө өөрийнхөө буруугүй гэдгээ нотлох ёстой бус уу. Учир нь тэрээр УИХ-д сонгогдсон цагаасаа эхлээд  нийтийн албан тушаалтан болсон. Тэгэхээр түүний шууд хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү нь гадаад компани залилсан байж болзошгүй газраас онц их хэмжээний мөнгө шилжүүлэн авчихаад байхад хүртэл "Манай дүү 40 гарсан хүн. Монгол Улсад эрхийнхээ дагуу  бизнес хийж байгаа. 40 гарсан хүнийг би зааж зөвлөөд явна гэж байхгүй. Бизнесийн хүрээлэл монголд жижгэвтэр. Тэр бүрийг би араас нь мөшгөж, ямар хамааралтай ямар асуудал гарсныг манай дүүгээс компаниас нь та нар өөрсдөө асууцгаа" хэмээн хээв нэг хэлж байх юм. Сайдын албан тушаал гэдэг энгийн нэг Нараа, Сараагаас өөр, улс төрд нөлөөлөх боломжтой иймдээ ч хөрөнгө орлогын мэдүүлэг өгч, хамаарал бүхий этгээд ашиг сонирхол нэг бүлэг хэмээн авч үздэг бус уу. 

Шилжүүлгийн баримтууд таны өмнөөс хэлээд байна. Нэр төрдөө хайртай, хамгаалдаг юм бол эхлээд өөрийгөө, хамаарал бүхий этгээдээ хууль бус үйлдэл хийгээгүй гэдгийг  нотолчих л доо сайд аа.