
2025 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс нэлээд хэдэн оноогоор ухарсан нь олон нийтийн анхаарлыг татсан тун таагүй мэдээ байлаа. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн хүрээнд хэлэлцэгдэж, шүүмжлэл, дүгнэлтүүд өрнөсөөр байна. Гэвч энэ нь бүх зүйл ухарсан гэсэн үг биш юм.
Сүүлийн арван жилийн хандлагыг харахад авлигатай тэмцэх бодлого, хариуцлагын тогтолцоо, институцийн тогтвортой байдалд дорвитой ахиц дутмаг байгааг илтгэнэ. Гэсэн хэдий ч системийн түвшинд эхэлж буй чухал өөрчлөлтүүд бий.
Саяхан Транспэрэнси Интернэшнл байгууллагаас нийтэлсэн “Улс төрийг хэн санхүүжүүлдэг вэ: Мөнгөний мөрийг цахимаар мөшгөх нь” нийтлэлд Монгол Улсыг улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр бүс нутагтаа ахиц гаргаж буй орон хэмээн онцолсон байна.
ЯАГААД УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ИЛ ТОД БАЙДАЛ ЧУХАЛ ВЭ?
Тус нийтлэл нь 117 орныг хамарсан “Африк, Ази, Номхон далай, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн улс төрийн санхүүжилтийн дижитал ил тод байдал” судалгааны тайланд үндэслэн хэвлэгдсэн.
Уг тайлангаар:
- Судалгаанд хамрагдсан орнуудын ердөө дөрөвний нэг нь улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтийн мэдээллийг цахимаар нээлттэй нийтэлдэг.
- Олон оронд мэдээлэл байгаа ч хайж, шинжлэх боломжгүй хаалттай форматтай хэвээр байна.
Ил тод бус санхүүжилт нь:
- Шударга өрсөлдөөнийг гажуудуулдаг.
- Төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулдаг.
- Бодлогын шийдвэрүүдийг далд ашиг сонирхолд автах эрсдэлд оруулдаг.
Иймээс улс төрд хэн, ямар эх үүсвэрээс мөнгө гаргаж байгааг мэдэх нь иргэдийн суурь эрх бөгөөд ардчиллын үндсэн баталгаа юм.
МОНГОЛ УЛСЫН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЛХАМ
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудын санхүүгийн тайланг цахим хэлбэрээр олон нийтэд ил тод болгох системийг хөгжүүлж эхэлсэн нь олон улсын түвшинд эерэгээр үнэлэгдэж байна.
Мөн 2025 оны 12 дугаар сарын 15- 19 ний өдрүүдэд Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр бага хурлын үеэр Монгол Улс Албани, Гана, Норвеги улстай хамтран “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолыг санаачлан батлуулсан.
Энэхүү тогтоол нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг тусгайлан хөндсөн анхны шийдвэр болж, олон улсын түвшинд шинэ жишиг тогтоосон ач холбогдолтой юм.
ДАРААГИЙН ШАТ: ИЛ ТОД БАЙДЛЫГ БОДИТ БОЛГОХ НЬ
Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь зөвхөн тайлан нийтлэх асуудал биш. Энэ нь:
- Өгөгдлийг нээлттэй, хайлт хийх боломжтой хэлбэрээр нийтлэх,
- Хараат бус хяналтыг бэхжүүлэх,
- Ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх механизмыг сайжруулах гэсэн системийн шинэчлэл юм.
Ил тод байдал бодитоор хэрэгжиж чадвал:
- Ардчиллын чанар сайжирна.
- Хуулийн засаглал бэхжинэ.
- Төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ.
Ил тод байдал бол зүгээр нэг уриа биш, ардчиллын баталгаа юм.