Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2026.02.13 09:45
181
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын“Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд “Хөвсгөл” далайн мөсөн дээгүүр явсан суудлын автомашин өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:30 цагийн орчим хар хил рүү баруун талын дугуй хэсгээрээ орсон, зорчигчид нь автомашинаасаа эсэн мэнд гарсан дуудлагыг мөн өдрийн 22:05 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид очиж, тус автомашинд зорчиж явсан 4 хүнийг тээвэрлэн мөн өдрийн 01:20 цагт Хатгал тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Харин ''Уаз-3962'' загварын суудлын автомашин баруун талын урд болон хойд дугуй хэсгээрээ хар хил рүү орж, хазайсан байсныг татан гаргасан байна.

Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүлийн зузаан харилцан адилгүй, нимгэн хөлдсөн байгаа учир иргэд, аялагчид, малчид, тээвэрчид та бүхнийг мөсөн дээгүүр явган болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг урьдчилан сэрэмжлүүлж байна.