

Нийгмийн сайн сайхны төлөө бодит үйл хэрэг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь "Бундан” төрийн бус байгууллагын санаачлагаар хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд дахин нэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг дэмжиж, “Хайраар дүүрэн 24 зүрх” нэртэй нийгмийн хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү санаачилга нь 24 хүүхдэд эрүүл амьдрал бэлэглэх, тэдэнд гэрэлт эрүүл ирээдүйг авчрахад чиглэж байна.

“Зүрх мартахгүй” төсөл нь 2020 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн ач холбогдол бүхий төсөл юм. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэс заслын эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой байдаг хэдий ч өндөр өртөг нь олон гэр бүлийн өмнө бодит саад болдог.

Нэткапитал санхүүгийн групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, спортын салбаруудад чиглэсэн хамтын ажиллагаа, ивээн тэтгэлгийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлтэй хоёр дахь удаагаа хамтран ажиллаж, “Хайраар дүүрэн 24 зүрх” санаачилгыг бодит ажил болгоход бэлэн болоод байна.
