

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Оросын холбооны улсад албан томилолтоор ажиллаад ирлээ.
Тэрбээр энэ үеэр УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдоржийн хамт ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд хатагтай Оксана Николаевна Луттай Москва хотноо уулзав. Энэхүү уулзалтаар оны өмнө Улаанбаатар хотноо болсон Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр тохирсон бататган хэлэлцэж, Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан худалдааны хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Мал сүргийг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх төслийн III үе шатыг ОХУ-ын дэмжлэгтэйгээр арилжааны шугамаар хамтран хэрэгжүүлэх, хоёр улсын хөдөө аж ахуйн их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тэтгэлэгттэй суралцах боломжийг бүрдүүлэх саналтай буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийн дээжийг ОХУ-ын эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулах, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх нь мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд нэн чухал байгааг, Ургамал хамгааллын газар шинээр байгуулагдсан тул ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний импорт, экспортын нэр төрөл, тоо хэмжээг харилцан нэмэгдүүлэн ажиллах боломж бүрдэж буйг тэмдэглэлээ.
Оросын талаас мал эмнэлгийн аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОХУ-д үйлдвэрлэж буй вакциныг Монгол Улсад экспортлох боломжтойг тэмдэглэв. Түүнчлэн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, боловсон хүчин бэлтгэх салбарт дэмжлэг үзүүлж, цахим болон богино хугацааны сургалт зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
